Сөүл хотын Боловсролын газраас зарим сургуульд компьютер, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлнэ

Амаржаргал
2022 оны 9-р сарын 14 -нд

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын алба нь НЗДТГ-тай 2006 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн сурч, хүмүүжих сургалтын орчин нөхцөлийг сайжруулах үүднээс жил бүр компьютер, техник хэрэгслийн туслалцаа үзүүлж ирсэн.

Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирал И Хён Жүн тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзлаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдаж, алсын зайн сургалтаар хичээллэх ажлыг зохион байгуулж, амаргүй цаг хугацаа өнгөрүүлсэн. Энэ үед танай байгууллагаас олгосон компьютер, техник хэрэгслийн туслалцаа сурагчдын сурч боловсроход бодит дэмжлэг болсон. Иймд хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээсэн юм.

Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирлын зүгээс цаашид компьютер, техник хэрэгсэл олгох дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байлаа. Энэ жилийн компьютер, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх сургуулиудыг сонгосон бөгөөд тэдгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцана гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна