Б.Жавхлан Засгийн газарт санал оруулж, цементийн импортын татварыг он дуустал тэглэв

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 14 -нд

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ.

Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр нь засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон.  Энэ үед цементийн хомсдол зах зээлд үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид гурван зүйлийн тэнцвэрийг маш сайн судалсан. Бид дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах нь бидний зорилго.

Үлдсэн хугацаанд Дарханы замыг энэ жил хатуу хучилттай бүрэн хөдөлгөөнийг нээх зорилтыг тавьсан.

Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын 31-нд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд бүрэн хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч буй.

Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь "Монцемент", "МАК" компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр. Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй.

Төлбөрийн тэнцлийн алдагдлаас болж Төв банкны валютын нөөцөд дарамт ирж байна. Төлбөрийн тэнцэл дээр Засгийн газрын зүгээс эрэлтийн шалтгаантай инфляци юм, зөвхөн Монголбанк хариуцах ёстой гэж хандахгүй байгаа. Засгийн газраас гадаад худалдаанд ач холбогдол өгч ажиллаж буй. Тиймээс богино хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр 2019 оны хамгийн өндөр хэмжээнд хүргэсэн. Харамсалтай нь үүний дагуу орж ирэх валютын урсгал орж ирэхгүй байна. Шинэ Засгийн газар 2021 онд Цагаанхаданд өмнө нь 12 сая тонн зарсан нүүрс хүлээж авсан. Энийг жил гаруй хугацаанд зөөж, тавдугаар сараас уртын тээврээ эхэлсэн. Одоо дахин хоёр сая тонн нүүрсний асуудал байна. Шинэ гэрээгээр валютын нэмэлт урсгал орж ирэх хугацаа хүлээгдэж байна. Том уул уурхайг дагасан гэрээний төлбөрөө урьдчилсан байдлаар авах, Сангийн яамнаас урт хугацааны хөгжлийн зээлүүдээ татаж авах боломжийг ашиглаж байна. Бид он гараад Азийн хөгжлийн банкнаас авах байсан 100 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлийг энэ долоо хоногт авч байгаа. Мөн нэмээд "ААВ" гээд Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банкнаас дараа жил авах байсан зээлийг арваннэгдүгээр сард татаж авах гэж байна.

Хөгжлийн банкны эргэн төлөлтийн эрч буурч байна. Яамдууд, төрийн өмчийн компаниудтай холбоотой эргэн төлөлтийн асуудал удааширч байна. Аравдугаар сард дахин мэдээллийг харна. 800-1 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөж буй.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна