Монгол, Вьетнам улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Амаржаргал
2022 оны 9-р сарын 23 -нд

Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.

Вьетнам улс нийт 100 орчим сая хүн амтай. Харин нийслэл Ханой хотын хувьд сүүлийн жилүүдэд хүн ам нь өсөж 8.5 сая болсон бөгөөд нэг хүнд ногдох дундаж орлого нь 5,500 ам.доллар байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татдаг бүсийн тоонд ордог. 

Уулзалтын үеэр манай улсын талаас хэд хэдэн асуудлыг чухалчилж буйн нэг нь визгүй зорчих асуудал байлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Вьетнамын талд тавьж буй гурав дахь чухал асуудал бол Монгол, Вьетнам хоёр улсын иргэд хоорондоо  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал юм. Монгол паспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд урт хугацаандаа хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих саналыг тавилаа.

Мөн агаарын замаар гэвэл одоогийн байдлаар Улаанбаатар-Ханой чиглэлд шууд нислэг үйлдэгдэж байна. Цаашлаад тус улсын өөр хот руу шууд нислэг үйлдэх бололцоог гаргаж өгөх саналыг Вьетнамын талд тавилаа. Энэ асуудлыг тавихад айлын талын хариуцсан байгууллага болох Дотоод хэргийн яамтайгаа зөвлөлдөх асуудал байгааг уулзалтын үеэр хэлсэн. Монгол Улсын иргэд аль болох олон улс руу визгүй зорчдог байх зорилтыг хангахыг чухалчилж байгаа" хэмээлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорттой иргэд тус улс руу визтэй зорчдог бол дипломат болон албан паспорттой иргэн 90 хоног хүртэл визгүй зорчих хэлэлцээртэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна