ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г. ЁНДОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Ө.Галбадрах
2022 оны 9-р сарын 26 -нд

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ажилдаа шуурхайлан орж, үйлдвэрлэлийн бүс дэх цехүүдийн  үйл ажиллагаатай  биечлэн танилцаж байна. Энэ бямба гаригт тэрээр  Цахилгаан цех, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Геологи, хайгуулын экспедици, Ус хангамжийн цехэд ажиллаж, тэдгээрийн ажил үйлс, асуудал бүрийг нэг бүрчлэн ярилцаж, санал бодлоо солилцов. Түүнийг тус үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх тэргүүтэй цех нэгж, холбогдох газар хэлтсийн удирдлагууд дагалдан, цехүүдийн онцлог,  өнөөгийн байдлыг танилцуулж, мэдээлэл хийлээ. Ерөнхий захирал энэ үеэр цехийн удирдлага, мэргэжилтнүүдийн  тавьж буй санал, зарим тулгамдсан асуудлыг сонсож, гарц шийдэлд анхаарал хандууллаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн хүчин чадал, үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн зорилтын зэрэгцээ гадны орны сайн туршлага, шинэ технологи нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг дэмжин хамтран ажиллахыг онцолсон.

      Ирэх долоо хоногт Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн бүсэд үргэлжлүүлэн ажиллаж, үлдэж буй цехүүдийн үйл ажиллагаатай танилцах юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна