Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 19 дүгээр хороонд ажиллаж, тулгамдаж буй асуудалтай танилцлаа

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 06 -нд

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо нь 4147 өрх айл, 13109 иргэнтэй. 80 хувь нь гэр хороолол, 20 хувь нь байр орон сууцны хорооллоос бүрддэг. Тохижилт бүтээн байгуулалтын ажлын хувьд хорооны гурван байршилд авто замын ажил хийгдэж байна. Мөн Цайзын 27-38 гудамж, 55-57 дугаар гудамжинд нийт 179 гэрэлтүүлэг шинээр суурилуулсан.

Мөн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор эко ариун цэврийн байгууламжийн ажил хороонд хийгдсэн. Автомашин зорчиход хүндрэлтэй, эвдрэл ихтэй шороон замуудыг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бол Жаргалантын 2-4 дүгээр гудамжинд 240 хүүхдийн цэцэрлэг, эко ногоон орон сууц барих юм. Одоогоор таван га газрыг чөлөөлж барилгын ажил хийгдэж эхлээд байна.

Нийгэм хамгааллын чиглэлээр бүтэн өнчин гурван хүүхдэд нэг өрөө байр, Ирээдүйн Монгол ТББ-тай хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллага хорооны хуримтлалын сангаас таван зорилтот бүлгийн 22 өрхөд өргөө цагаан гэр гардуулсан. Цаашид Цагаан давааны хогийн цэгийн замын ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. Тоосжилт ихээр үүсч байгаа учраас иргэд энэ талаарх санал хүсэлтийг хороонд хүргүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа талаар танилцуулсан. Иймд хорооны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажил зохион байгуулах талаар үүрэг өглөө. Мөн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд өгч байгаа саналыг цаашид ажил хэрэг болгож шийдвэрлэж ажиллана гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна