Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах тухай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.
Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ.
Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэв. Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Товчоодыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгоно. Бүх терминалиудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг. Мөн хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно" гэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна