Украинд 4.5 сая хүн тог цахилгаангүй байна

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 08 -нд

ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд хийсэн дайралтаа үргэлжлүүлж, нийслэл Киев болон бусад газарт олон сая хүн гэрэл цахилгаангүй болоод байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гарагт Киев болон бусад бүс нутагт эрчим хүчний хомсдолын улмаас цахилгаан хязгаарлалт тогтоож байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр, ням гарагийн оройн байдлаар гэхэд 4.5 сая гаруй хүн цахилгаангүй болсон байна.

Тэрээр хэлэхдээ Оросын арми дэд бүтцэд дахин дайралт хийхээр хүчээ төвлөрүүлж, бэлтгэж байна гэжээ. Тиймээс Украины ард иргэд өвлийг давж, илүү хүчтэй байж, газар нутгаа чөлөөлөхөд бэлтгэх хэрэгтэй байгааг онцолжээ.

ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг ням гарагт мэдээлснээр Херсон мужийн 10 гаруй суурин, түүний дотор Херсон хотод цахилгаан тасарсан байна. Түүнчлэн Украины арми өмнөд хэсэгт эзлэгдсэн газар нутгийг эргүүлэн авах довтолгоогоо үргэлжлүүлсээр байна гэж мэдээлжээ.  Мөн Оросын талыг баримтлагчид Херсон хотод цахилгаан тасарсан нь Украины хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэд хотын усан хангамж тасалдсан гэдгийг ч мэдэгджээ.

Оросын цэргүүд Херсоны ойролцоох нутгаас ухарсан төлөвтэй байгаа ч  дараагийн дайралтад бэлтгэж байх магадлалтай гэж Украины талаас үзэж байна гэж Эн Эйч Кэй мэдээлэлдээ дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна