ДҮРС ОНОШИЛГООНЫХОН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ө.Галбадрах
2022 оны 11-р сарын 09 -нд

Жил бүрийн 11-р сарын 8-ны өдөр буюу Олон улсын Радиологийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт медикал” эмнэлэг “Үйлчлүүлэгчдээ сонсож, дэмжье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдрийг рентген, техникч, эмч, сувилагч нар дунд анх удаа рентген, технологич нарын өдөр болгон зарласан. “Эрдэнэт медикал” эмнэлгээс санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулж буй тус өдөрлөгт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Хөвсгөл, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген цацрагтай ажилладаг ажилчид, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн даатгал, Эрдэнэт үйлдвэрийн Цацрагийн аюулгүй байдлын албаны төлөөлөл, эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нар оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулснаас гадна дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх сэдвийг хөндсөн нь өдөрлөгийн нэг онцлог байв.

   Тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Х.Дэнсмаа: “Эрдэнэт медикал” эмнэлэг хөдөө орон нутагт төдийгүй Монгол улсын хэмжээнд төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг. Манай эмнэлэг дүрс оношилгооны чиглэлээр дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, хавдрын эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилдэг. “Эрдэнэт медикал” эмнэлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяанд шилжин, үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Энэ хугацаанд компьютер томографын шинжилгээнд нийт 11 мянга орчим хүн хамрууллаа. Энэ нь хавдрын болон бусад өвчнийг эрт илрүүлэхэд шаардлагатай чухал шинжилгээнүүдийн нэг юм.  Рентген цацрагийг зөвхөн эмчилгээнд хэрэглэдэггүй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр рентген цацраг хэрэглэдэг хамгийн том байгууллага. Энэ тасагт таван эмч, зургаан техникч, сувилагч, хөтөч гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Мөн Анагаах ухааны доктор, профессор гурван зөвлөх эмч ажиллаж байна” хэмээн онцлов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна