Нийслэлийн хэмжээнд 354 байршилд 17 км хашаа, хайс чөлөөлжээ

Б.Энхчулуун
11-р сарын 10 -нд

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.

Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж гаргаснаар Ажлын хэсэг байгуулагдан, зөрчилтэй хашаа хайсны судалгааг хийсэн. 1104 га газрыг хамран хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3566 хашаа, хайсны зөрчил илэрчээ. Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгдсэн байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/585 дугаар захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна.

Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна