ЭЦЭГ ЭХ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

Амаржаргал
2022 оны 3-р сарын 18 -нд

Баянзүрх дүүргээс Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-тай хамтран дүүргийн бүх ЕБС-уудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш хамруулсан-Олон нийтийн оролцоот сургууль” хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 44 болон 87 дугаар сургууль энэхүү хөгжлийн загвар бүхий хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд 70 гаруй сургууль хэрэгжүүлж буй “Тэгш хамруулсан-Олон нийтийн оролцоот сургууль” хөтөлбөр нь сургалтын арга зүй, эцэг эх, хүүхэд, багш, сургуулийн удирдлага хоорондын уялдаа холбоо, орчин нөхцөлийг сайжруулж буйгаараа давуу талтай. 

Цаашид энэхүү хөтөлбөрийг бусад сургуульд нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой талаар БЗД-ийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ц.Алтанзагас дурдсан. Мөн боловсролын хүртээмжтэй байдал, орчин нөхцөлийг сайжруулах талаар дүүргийн зүгээс ихээхэн анхаарч ТББ, эцэг эх, сургуулийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллахаа дүүргийн Цахим хөгжил, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан Засаг даргын орлогч Г.Золзаяа хэлсэн юм.

Энэхүү хөтөлбөр нь эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор сургуулийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн, тулгамдсан асуудлаа тодорхойлон, түүнийг шийдвэрлэхийн төлөө талууд хамтран ажиллах сургалтын хөгжлийн загвар гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна