“Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг боллоо

Ө.Галбадрах
2022 оны 3-р сарын 20 -нд

Баянзүрх дүүргийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нөлөө бүхий төсөл, бүтээн байгуулалтынирээдүйг зөвхөн өнөөдөр, маргаашаар дүгнэх бус урт хугацаагаар төсөөлж тодорхойлох чухал. Тиймээс сонгогдсон тойргийнхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тогтвортой хөгжилд хүрэх замыг эрэлхийн тулд “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийг Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн төлөөлөгч, удирдлагууд боловсруулж байна.

Үүний хүрээнд бодлогын баримт бичгийг дүүргийн иргэддээ танилцуулж, тэдний санал бодлыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт бодлогын баримт бичгийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын баг, 500 гаруй иргэн оролцсон. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ

“Бид цаасан дээр Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” баримт бичгээ боловсруулж байна. Одоо үүнийг хөрсөн дээр нь буулгаж ажил хэрэг болгох чухал. Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол улсыг хөгжүүлэх “Алсын хараа – 2050”, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө “Улаанбаатар – 2040” баримт бичгүүдтэй уялдуулсан. Бодлогын баримт бичигт 2022,2023,2024 цаашлаад 2030 он хүртэл хороодод ямар бүтээн байгуулалт хийгдэх, аль хороо нь жишиг байдлаар хөгжих, худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик, ногоон орчин зэргээс эхлээд иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийг шийдэх авто зам, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх бүх ажлыг нэг бүрчлэн тусгаснаар онцлог. Ингэснээр УИХ-ын гишүүд бид улсын төсөвт улсын төсөвт “Хөгжлийн зураглал”-аа дагаж шаардлагатай төсвийг тусгаж оруулах хариуцлага оногдож байгаа. Хэрэв бид бүх шатандаа “Хөгжлийн зураглал”-аа баримталж, төлөвлөж, хийж чадвал Баянзүрх дүүрэг хөгжлөөрөө тэргүүлж, иргэн бүр ээлтэй орчинд амьдарч, ажиллах нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

Үүний дараа мэргэжлийн эрдэмтдийн баг бүрэлдэхүүн баримт бичигтэй холбоотой төлөвлөсөн ажлуудаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан. Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/33 дугаар захирамжаар 20 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг 30 гаруй хуралдаж, иргэдээс ч тодорхой санал авсан. Баянзүрх дүүргийн удирдлагуудаас гадна Орон зайн төлөвлөлт, стратегийн зураглал хариуцсан гишүүн Монгол Улсын зөвлөх архитектор, докторант С.Намжилмаагаар удирдуулсан эрдэмтэн судлаачдын баг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд 2022 оны эхний улиралдаа багтааж Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна