Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн VIII хуралдаан энэ сарын 9-нд товлогдсон. Үүнтэй холбоотойгоор хурлын хороод хуралдаж байна.
Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хорооны хурлаар
1. Төрийн дээд шагналд уламжлах тухай
2. Зорилтод бүлгийн иргэдийг нийгмийн амьдралд өрсөлдөх, бие даан амьдрах ур чадвар бий болгох хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлын танилцуулгыг Баянзүрх дүүргийн Засан даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр танилцуулсан бол Зорилтод бүлгийн иргэдийг нийгмийн амьдралд өрсөлдөх, бие даан амьдрах ур чадвар бий болгох хөтөлбөр батлах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Засан даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр танилцуулсан.
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал” бодлогын бичиг баримтад тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Тэмүүлэл” дэд хөтөлбөрийг 2023-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн I үе шатыг 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд зорилтод бүлгийн 6200 гаруй өрх бий гэсэн судалгаа бий. Хөтөлбөрийн I үе буюу 2023 онд эдгээр өрхийн 10 хувийг хөтөлбөрт хамруулж, орон нутгийн болон гадаадын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгээр тодорхой үр дүн гарсан байхаар төлөвлөж байгаа талаараа Баянзүрх дүүргийн Засан даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хэллээ.
Уг асуудлуудыг VIII хуралдаанаар хэлэлцэхийг хурлын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна