Өмнөх иргэдийн уулзалтад 21 иргэн оролцож, санал бодлоо хэлсэн. Үүнээс газартай холбоотой асуудлаар 13 иргэн, дахин төлөвлөлтөөр гурав, нийтийн аж ахуйтай холбоотойгоор таван иргэн хандаж, найман иргэн асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлсэн. Харин өнөөдрийн уулзалтад 20 иргэн оролцлоо.
“Тэмүүлэл хүмүүнлэгийн үндэсний холбоо” НҮТББ-аас энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үүднээс 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт аян өрнүүлж, тэргэнцэр шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулсан.
Цаашид ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ саналаа өнөөдөр засаг даргад уламжилсан.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н.Хулан аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжих үүднээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Шинэ жилийн баяртай холбоотой бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих үүднээс дээрх ажлыг санаачилж байгаагаа хэлсэн.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Чингисхаан өөрийн амьдарч буй газраа тохижуулах, хүүхдэд ээлтэй орчин болгох санал гаргалаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжоор хангах үүднээс 2023 онд тодорхой ажил зохион байгуулна.
“Тэмүүлэл хүмүүнлэгийн үндэсний холбоо” НҮТББ-аас гаргаж буй хөгжлийн ордон байгуулах тухай асуудлыг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлсэн. Мөн аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжиж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг хэлсэн.
Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор энэ оны 1-р сараас эхэлж “Иргэдийн уулзалт”-ыг зохион байгуулж эхэлсэн.
Уулзалтад оролцож буй иргэд ихэвчлэн газрын асуудлаар ханддаг учраас газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга болон газар зохион байгуулагч нарыг оролцуулдаг болсон. Мөн өмнөх уулзалтын шийдвэрлэлт, дүүрэг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулдаг юм.
2023 онд Иргэдийн уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, долоо хоног бүр иргэдээ хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж ажиллана гэдгийг засаг дарга онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна