Хөгжлийн банкны нээлттэй сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан зэрэг 300 хүнийг гэрчээр дуудна

ALs
2023 оны 1-р сарын 10 -нд

Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Энэ хүрээнд түр хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан. Хянан шалгах түр хороо нээлттэй сонсголын тов, асуудлын дарааллыг тогтоосон. Сонсголыг

  • 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд /Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наядын төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчээс асууж, нотлох баримтыг шинжилнэ/
  • хоёрдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл арга хэмжээний үр дүн, ашиглалт, зарцуулалтын талаар ярилцана. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сонсоно/
  • гуравдугаар сарын 13-17-нд /Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно/ гэсэн гурван үе шаттайгаар явуулна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Нээлттэй сонсгол Ерөнхий сонсголоос ялгаатай. Нээлттэй сонсголд олон нийт оролцох боломжгүй, зөвхөн УИХ-ын түр хорооны гишүүд оролцож, гэрчээс асуулт асууна. Түр хорооны бус УИХ-ын гишүүд оролцохгүй.

Одоогийн байдлаар 300 гаруй хүнийг гэрчээр дуудах тооцоолол гарсан. Гэрчүүдэд мэдэгдлийг хүргэж, гэрчээр дуудах ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна. Нээлттэй сонсголыг МҮОНРТ-ээр олон нийтэд шууд дамжуулна. Мөн хөндлөнгийн таван ТББ-ын төлөөллийг ажиглагчаар оролцуулна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна