УБТЗ: 7,3 тэрбум төгрөг нь тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 11 -нд

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шударгаар хөдөлмөрлөж буй нийт төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн харамсалтай үйл явдал боллоо.

УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, санхүүгийн эрсдэлээ бууруулж, алдсан боломжоо нөхөхийн төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байхад тус нийгэмлэгийн нэг албан тушаалтан 7,3 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь нийт төмөр замчдын дургүйцэл жигшлийг төрүүлж байна.

Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийн орон байрнаас илрүүлсэн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэдэг нь УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар замаар олсон болохыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох нь эргэлзээгүй юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй энэ хэргийн талаар үүнээс илүү тайлбар өгөх боломжгүй гэдгийг мэдэгдье. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна