Б.Жавхлан: 10 саяас дээш цалин, хөлстэй иргэдийн 10 саяас давсан орлогод шаталсан татвар ногдуулна

Амаржаргал
2023 оны 2-р сарын 03 -нд

Хувь хүний орлогын албан татварын нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сарын цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс давсан хөдөлмөр эрхлэгчийн 10 сая төгрөгөөс дээших орлогод нь 1-5 хувийн шаталсан татвар ногдуулах хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн энэ өөрчлөлт болон төсөв, санхүүгийн бодлогын талаар Сангийн сайд Б.Жавхлангаас сэтгүүлчид тодруулсан юм.-Сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд 1-5 хувийн татвар нэмж ногдуулах хууль хэрэгжиж эхэллээ. Шаталсан татварыг нэвтрүүлэх ямар хэрэгцээ шаардлага байв?-Шаталсан татвар болон тансаг хэрэглээнд тавьдаг татвар нь олон улсад нийтлэг байдаг сонгодог татварын нэг хэлбэр. 1990 оноос хойш хуучин зүүн Европын орнууд хуучин социалист дэглэмтэй байсан орнуудын хувьд энэ татвар нэлээд хожуу орж ирсэн. НӨАТ-тай хэлбэр түүхийн хувьд адилхан татвар юм.

Шаталсан татвар манай улсад шинэ зүйл биш. Анх 1993 онд хүн амын орлогын татвар анх нэвтрэхэд 40, 27, 15, 2 хувь, 1997-2004 он хүртэл 40, 20, 10 хувь, 2004-2007 он хүртэл 30, 20, 10 хувь гэсэн шатлалтай явж ирсэн бол түүнээс хойш шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн юм.  Засгийн газраас шаталсан татварыг эргэж нэвтрүүлэхээр хоёр дахь удаагаа оруулж батлуулсан юм. Өмнө нь ороод буцсан нь шатлалыг хэт багаар тогтоосонтой холбоотой байсан. Харин шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн. ХХОАТ-ыг хэдийгээр 10 хувь гэж байгаа боловч бодитоор нь тооцож үзэхэд бага орлоготой хэсэг дээрээ бараг 4.9 хувийн татвар авдаг. Сарын 10 саяас дээш, жилийн 120 сая төгрөгийн цалин, хөлсний орлоготой иргэдэд хамаатай татвар бөгөөд ийм өндөр орлоготой хэсэг ХХОАТ төлөгчдийн 0.1 хувь нь байгаа. Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу ХХОАТ төлдөг 817 мянган иргэн бий. Эндээс 1361 хүн энд хамрагдахаар байна.-Шаталсан татвар тавьж эхэлснээр төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх бол? -2023 орон нутгийн төсөвт 13-14 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. Төсвийн хувьд авч үзвэл энэ нь нөлөө үзүүлэхүйц өндөр дүн биш бөгөөд сум, дүүргийн орлогод орох юм. Өнөөдөр татвар төлөгчдийн багахан хэсэгт нь оногдож байна. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар давуулахыг зорьж байгаа. Тэр үед нэг хүнд ногдох үндэсний орлого нэмэгдэхийн хэрээр өндөр орлоготой хэсэг 0.1 хувь биш магадгүй 5-10 хувь болж, төсөвт оруулах татварын хэмжээ 10 тэрбум төгрөг биш нийт төсвийн орлогын 5-10 хувь болохыг үгүйсгэхгүй.   

Татварын ийм шинэчлэл нь нэг өдөр хийгддэг асуудал биш. Энэ шинэчлэлээр 10 жилийн дараа үр дүн гарах төсвийн шинэчлэлийн суурийг тавьж байна гэж үзэж болно. Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн татварын бодлогын нэг хэрэгсэл юм. Нөгөө талаар тансаг хэрэглээн дээр болон ААН-үүдэд мөн адил, өндөр орлоготой хэсэг нь өндөр татвар төлдөг зарчим хэрэгжиж буй хэрэг.  Монгол Улс хувь хүний орлогын албан татварыг хоёр янзаар авдаг. Нэг нь ажил хөдөлмөр эрхлэгч нарын цалин, хөлсний  орлогоос ажил олгогч нь татвараа тооцон суутгаж, төсөвт төлдөг. Зөвхөн ЦАЛИНГИЙН ОРЛОГЫН 10 саяас давсан орлого дээр нь шаталсан татвар тавьж байгаа юм. Нөгөө нь орлогоо өөрөө тооцон тайлагнаж татвараа төлдөг хэсэг буюу хувиараа бизнес эрхлэгчийн 10 хувийг төлөх хуучин аргачлалаараа явна. Зөвхөн суутган тооцох татвараас сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 0.1 хувь иргэдийн бодит татварын ачаалал 1-5 хувиар нэмэгдэнэ.

-Шаталсан татварын гадна үлдэж байгаа хувиараа бизнес эрхлэгчид татвар төлдөггүй. Зөвхөн цалингийн орлоготой иргэдээс татварыг бүрдүүлж байгаа нь тэгш шударга байх зарчимтай зөрчилдөж байна шүү дээ? -Татвараа өөрөө тайлагнаж төлөх үүрэгтэй худалдаачид, уран бүтээлчид, малчид, өмгөөлөгч, сүүлийн жилүүдэд онлайн худалдаачдын зах зээл тэлж байна. Тиймээс татварын хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд иргэдэд санхүүгийн боловсролыг маш сайн олгох хэрэгтэй. Хэдийгээр манай хууль, татварын орчин сайн дураараа нэрийн дор орлогоо нуун дарагдуулах, тайлагнахгүй байх, татварын өр үүсэх эрсдэлүүдийг дагуулж буй боловч нөгөө талаар далд эдийн засаг үүсгэж, татвараас зайлсхийсэн гэж буруутгах аргагүй. Тиймээс татвараа тайлагнах механизмыг нь хялбаршуулж, цахимжуулах шаардлага бий. Ингэж шат дараатай арга хэмжээ авснаар татварын суурь орлого нэмэгдэх боломжууд бүрдэнэ.  



Энэ тал дээр татварын байгууллагаас олон ажил хийж байна. Тухайлбал, тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлого олдог чөлөөт худалдаачид, өмгөөлөгч, урлаг соёлынхныг татварын эрсдэлээс хамгаалах, дараа дараагийн хуримтлагдсан татварын өр үүсэхээс болгоомжлуулж, татвараа тайлагнах боловсролыг сургалт явуулах замаар олгох хэрэгтэй байна.-Энэ хуулийн хүрээнд эрх баригчид иргэдийн дансны мэдээллийг шалгаж, татвараас зайлсхийсэн гэх асуудалд оруулах эрсдэлтэй гэсэн хардлага үүсэж байгаад тайлбар өгнө үү?-Шаталсан татвартай холбоотой хоёр асуудал гарч байна. Нэгдүгээрт, иргэдийн дансанд орсон орлого бүрийг төр хараад, тэндээс татвар авна гэсэн буруу ойлголт гарсан. ХХОАТ-тай холбоотой гарсан шаталсан татвар бол зөвхөн суутган тооцох татвартай хамааралтай гэдгийг дахин хэлье. Дансны орлого бол бизнесийн ашиг орлого биш, орж гарч байдаг гүйлгээ. Татвар ногдуулах орлого огт биш. Иргэд үүнээс болгоомжилж бэлэн мөнгөний гүйлгээнд шилжинэ гэсэн яриа гарсан байна. Ингэх ямар ч шаардлагагүй. Тэгснээр ажил олгогч, ажилтны аль алинд нь илүү их эрсдэл, зардал нэмэгдэнэ гэдгийг иргэддээ анхааруулж хэлмээр байгаа юм.-Төрийн байгууллагууд иргэдийн дансны мэдээллийг дуртай үедээ авч үзэж болохгүй гэж иргэд эмзэглэж байгаа? -Төрийн байгууллагууд иргэдийн дансны мэдээллийг дураараа авч үздэг гэсэн яриа ор үндэсгүй. Төр иргэдийн дансны мэдээлэл рүү орсон тохиолдол байхгүй. Монгол Улс 2017 онд Европын холбооны татварын саарал жагсаалтад орсон. Тэр үед гол эрсдэл юу байв? гэхээр ихэнх улс орнуудын Татварын албад хоорондоо харилцан мэдээллээ солилцох, ил тод байдлыг хангах, банкны мэдээллийг авах шаардлагыг харилцан бие биедээ тавьсан. Европын  банкны систем маш найдвартай, харилцагчдынхаа мэдээллийг  задруулдаггүй гэсэн итгэл үнэмшил бий. Банкны систем нь хамгийн найдвартай гэх Швейцарь улс хүртэл энэ конвенцэд нэгдэн орсон байдаг. Тиймээс Монгол Улсыг Татварын мэдээлэл солилцох конвенцэд нэгдэн орох шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу манай улс тодорхой хуулиуддаа өөрчлөлт оруулсны үр дүнд саарал жагсаалтаас амжилттай гарсан. Яаж гарсан бэ? гэхээр гол нь татварын хуулиуддаа өөрчлөлт оруулсан. Иргэнийг, татвар төлөгчийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, зөвхөн татварын зорилгоор татвар төлөгчдийн банкны мэдээллийг Татварын ерөнхий газраас хандаж мэдээлэл авах, солилцох, нөгөө талдаа энэ мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Энэ бол 2019 онд хуульд орсон өөрчлөлт. -Төр иргэдийн хувийн мэдээллийг ашигласан тохиолдолд И-Монголиагаас иргэнд мэдэгдэх мессэж очдог боллоо. Ийм мессэж авах болсноор төр хувийн мэдээлэлд дураараа халдаж байна гэсэн бухимдал үүссэн? -Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Төрийн байгууллага, банк, нотариат зэрэг 274 байгууллага ХУР системээр дамжуулан хувь хүний мэдээлэлтэй танилцсан тухай бүр И-Монголиа-гаас хувь хүнд мессэжээр мэдэгддэг болсон. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хойш иргэдэд нийт 121.6 сая мэдэгдэх мессэж очсон. Ийм өндөр давтамжтай тоогоор мессэж ирдэг болсноор төр иргэдийн хувийн мэдээллийг дуртай үедээ харж, ашиглаж байна гэдэг ташаа ойлголт бий болсон шиг байна. Гэтэл дээрх 121.6 сая мессэжийн 80 хувь нь иргэд өөрөө өөрийнхөө мэдээлэлд нэвтэрсэнтэй холбоотой мэдэгдэл бөгөөд цаашид иргэн өөрөө нэвтэрсэн тохиолдолд мессэж илгээхгүй байх шийдэлд хүрсэн. -Орлогоо мэдүүлдэггүй, татвар төлдөггүй байдал чөлөөт худалдаачдаас гадна нүүрс тээврийн салбарт байна гэдэг. Эдийн засагт нөлөө үзүүлэхүйц энэ хэсгийг татварт хамруулах ямар боломж байна вэ?-Нүүрсээ ам үнээр биш, хилийн үнээр худалддаг болъё гэдэг асуудлыг бид олон жил ярилаа. Нүүрс олборлолт, тээвэрлэлт зэрэг бүх өртөг зардал нь шингэсэн нэг үнээр нүүрсээ бирж дээр худалдаалдаг болъё гэж. Олон нийтэд ил тод худалдаалж эхэлбэл энэ салбар дахь далд эдийн засаг байхгүй болно. Тиймээс ил тод байдал руу шилжилт хийж чадсан. Уул уурхайн түүхий эдийг биржээр худалдаалах хуулиа батлав. Хууль хэрэгжих хүртэл түр журмаа гаргаснаар “Энержи ресурс” компани нүүрсээ хилийн үнээр амжилттай арилжаалж эхэллээ. Эрдэнэс Тавантолгой болон орон нутгийн Тавантолгой компаниуд тээврээ өөрсдөө хийдэггүй байсан учир тендер зарлаж, тээвэрлэлтийн асуудлаа шийдэж байна. Ингээд тээврийн үнэ хөлсөө, амны үнэ дээр нэмээд, хоёрдугаар сарын 10-наас нүүрсээ биржээр нээлттэй арилжаалж эхэлнэ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр эхний ээлжинд нүүрсний экспортын 25-30 хувьд нь хилийн үнээр зарж эхэлнэ. 100 хувь хил үнээр өгөх боломжгүй.-Нүүрсний арилжааг биржээр явуулахад талууд хэр зэрэг бэлэн байна вэ. Аль нэг тал нь орлого  алдах эрсдэл үүсэхээс яаж сэргийлэх вэ?-Биржийн тухайд бол Хөрөнгийн биржийн платформ дээр явж байгаа тул хугацаа алдах зүйл байхгүй. Нүүрсээ хил дээр хүргэж өгөх тээвэр логистикийн асуудлаа Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой компаниуд шийдвэрлэж байна. Тээвэр зохион байгуулалтын тендер зарлаж, ААН-үүд маш хурдан зохион байгуулалтад орж байна гэсэн мэдээлэл авсан. Хоёрдугаар сарын 10-наас биржээр эхний арилжаа хийгдэж, үүний дагуу нүүрсээ хил дээр хүргэж өгнө.

Манай улс нүүрсний зах зээл дээр том тоглогч биш. Гэхдээ 2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олсон. Бид ковидын үеийн дэглэмийг маш нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн.ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ БОНД НЭМЖ ГАРГАХГҮЙ ГЭСЭН СТРАТЕГИТЭЙ-2022 онд төлөх бондын төлбөрийг Засгийн газар бонд гаргаж хаахаар боллоо. Бага хүүтэй зээлээ өндөр хүүтэй зээлээр хаах нь гэсэн шүүмжлэл байна?-Засгийн газар 2023 болон 2024 он дамнан 1 тэрбум 260 сая долларын өр төлөх ёстой. Үүний 650 сая долларыг “Сенчири-2” бонд гаргах замаар дахин санхүүжилт хийсэн. Үлдсэн 450 сая ам.долларыг хоёр жил дамнуулан төсвөөс шууд төлнө гэсэн үг. Ингээд 2023, 2024, 2025 оныг дуустал Монгол Улс гадаад өрийн эрсдэл буюу дефолт болох аюулгүй. 



Засгийн газар дахин санхүүжилтийн зорилготой бондыг амжилттай гаргасан. 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бонд нь өмнөх бүх бондоос өндөр хүүтэй биш. Жишээ нь, Мазаалай бонд 10 хувийн хүүтэй, 8 хувиас дээш хүүтэй бондууд ч гаргаж байв. Тэр үед Америкийн Төв банкны бодлогын хүү 2-оос доош буюу маш бага байсан. Одоо Америкийн төв банкны бодлогын хүү түүхэндээ байгаагүй дээд хэмжээ буюу 4.5 хувьд хүрсэн. Тэгэхээр 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын зөрүү нь 4.1 хувь. Энэ зөрүүг харахад өмнөх “Сенчири-1” буюу өмнөх жил гаргасан бонд, энэ жил гаргасан Сенчири-2 бондын хүү Засгийн газрын өмнө гаргасан бондуудаас хамгийн бага хүүтэй гэж ойлгож болно. Мөн Монгол Улс дефолт зарлах бодит эрсдэл байсан. Тэр эрсдэлээс бүрэн ангижирсан гэдэг нь энэ бондын хамгийн гол өгөөж.-Өрийг өрөөр санхүүжүүлдэг энэ зохицуулалт хэр удаан үргэлжлэх вэ?-Хоёр жил дамнан төлөх 1.2 тэрбум ам.долларын 60 хувь буюу 650 сая долларыг бондоор, үлдсэн 450 сая доллараар улс төсвөөс төлж байгаа юм. Төсөв даах хэмжээнд өрөө төлөөд, даахгүй байгаа хэсгийг бондоос санхүүжүүлж, хугацааг нь сунгах стратегиэр ажилласан. Засгийн газар үүн дээр нэмж төсвөөс санхүүжүүлэх зорилт бүхий бонд гаргахгүй гэсэн дунд хугацааны стратегитай бөгөөд УИХ-аас гаргасан даалгавар нь энэ. Эргээд харахад Засгийн газраас гаргасан найман бондын анхных буюу Чингис бонд л төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Дараах Дим Сам, Мазаалай бондууд төсвийн алдагдал санхүүжүүлсэн. Түүнээс хойших Гэрэгэ, Номад, Сенчири бондууд бүгд өрийг өрөөр санхүүжүүлсэн зарцуулалттай байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна