Турк улсын нутаг дэвсгэрт дахин газар хөдлөхөд найман хүний амь үрэгджээ

Б.Энхчулуун
2023 оны 2-р сарын 24 -нд

Турк улсын нутаг дэвсгэрт болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш хоёр долоо хоногийн дараа буюу Даваа гарагт дахин газар хөдөлсөн юм.

Сүүлийн газар хөдлөлтийн хүч 6.3 магнитуд хүрсэн ба төв цэг нь өмнөх газар хөдлөлтөд хамгийн хүндээр нэрвэгдсэн хотуудын нэг Антакягийн ойролцоо байжээ.

Турк-Сирийн хилийн хоёр талд нийт найман хүний амь үрэгдэж, олон арван барилга нурж, 300 орчим хүн бэртсэн тухай өчигдөр албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн чичиргээ хөрш Египет, Израил, Йордан, Ливан улсуудад мэдрэгдсэн тул Мягмар гарагт сургуулиуд, нийтийн үйлчилгээний газруудыг хаах зэрэг арга хэмжээ авчээ.

Хоёр долоо хоногийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 47,000 хүрч, сая гаруй хүн орох оронгүй болоод байгаа билээ.

Турк улс оршдог Газар дундын тэнгисийн зүүн эргийн газар нутаг Еврази, Африк, Арабын тектоник хавтангуудын уулзвар хэсэгт байрладаг тул газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутгуудын нэгд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна