Гэр бүлтэйгээ тангараг тасарсан хунтайжаас Британи дахь байраа суллаж өгөхийг шаарджээ

Амаржаргал
2023 оны 3-р сарын 02 -нд

Уиндсорын шилтгээн дэх байраа суллаж өгөхийг Их Британийн хааны ордны захиргаа хунтайж Харригаас хүссэн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр хунтайж Харри, түүний гэргий Меган нар Их Британид ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй болж байгаа юм. Тэд одоо АНУ-д амьдардаг.

Фрогморын зуслан хэмээх нэртэй уг байрыг 2018 онд тэднийг гэрлэхэд талийгаач хатан хаан Элизабет хуримын бэлэг болгон өгч байжээ. Дараа нь Харри, Меган нар байраа шинэчлэн засварлахад $2.9 сая орчмыг зарцуулсан гэдэг.

Харригаас буцааж авсан байрыг хаан Чарльзын дүү хунтайж Эндрьюд өгөхөөр болсныг Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ.

“Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарт Фрогморын зуслангаа чөлөөлж өгөх хүсэлт тавьсныг би баталж байна” гэж хунтайж Харригийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Бусад эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Харригийн дуулиан дагуулсан дурсамж ном “Spare” худалдаанд гарсны дараахан байраа чөлөөлөх хүсэлт хааны ордноос ирсэн гэнэ.

Хаан Чарльз гэр бүлийнхээ урсгал зардлыг хэмнэж, Британийн татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах талаар байнга ярьдаг.

Тэрбээр энэ бодлогынхоо хүрээнд дүү хунтайж Эндрьюгийн амьдрах зардлыг танах зорилгоор ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэнэ.

Хунтайж Эндрьюгийн жилийн зардал 250,000 фунт стерлинг болдог ба одоо тэр Уиндсорын шилтгээний 30 өрөөтэй Рояал Лож нэртэй тансаг ордонд амьдардаг юм.

Харри, Меган нар 2020 онд язгууртны амьдралаасаа татгалзаж, бие дааж амьдрахаар АНУ-ын Калифорни муж руу нүүж байв.

Тэр үеэс хойш тэд Британийн хааны гэр бүлийн нэр хүндтэй холбоотой хэд хэдэн дуулиан дэгдээгээд байгаа.

Тухайлбал тэд нэрт хөтлөгч Опра Уинфритэй илэн далангүй ярилцаж, Нэтфликстэй хамтран баримтат кино гаргасан юм. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард “Spare” нэртэй дурсамж номоо худалдаанд гаргаж байв.

Гэхдээ уг ном Британид төдийгүй АНУ-д Харригийн нэр хүндийг нэлээд унагасан гэдэг.

 

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна