“Авлигын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо”-ны жил болгон зарлалаа

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 03 -нд

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж, хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүллээ. Хуралдаанаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хоёр том зорилтот ажлын хүрээнд жендэрийн үндэсний хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл танилцуулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан холбогдох тогтоолуудыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Өнгөрсөн онд Хороо 40 арга хэмжээ,  Ажлын алба  10 зорилтын 89 үйл ажиллагааны хэрэгжилт, 2023 онд  таван зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Засгийн газраас эрүүл мэндийн бодлогын хүрээнд илтгэл эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа, өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байна гэв.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго: Төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлөх болон  Монгол Улс 2022 оны Авлигын төсөөллийн индексийн үнэлгээгээр Монгол Улс 33 оноотой дэлхийн 180 улсаас 116 дугаар байрт жагссан талаар дурьдсан юм.

Мөн энэ үеэр хорооны гишүүд танилцуулсан асуудлын хүрээнд өөрсдийн саналаа хэлж

  • төр болон хувийн хэвшилийн уялдаа холбоог сайжруулах,
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг үзүүлэх,
  • Төрөлт болон хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой дэд бүтэц хангалтгүй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо дутмаг байгааг онцгой анхаарах,
  • Сare economic буюу асарлын эдийн засгийг төрийн бодлогын түвшинд дэмжиж ажиллах,
  • Жендэр судлалыг академик түвшинд хүргэх,
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих эрх зүйн асуудлыг өөрчлөх,
  • Эрэгтэйчүүдийн сурч боловсрох орчинг төрийн бодлогоор дэмжих нэн шаардлагатай байгааг хэллээ.

Хурадааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ: “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой.

Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв  тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэв.     

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ дараах асуудлыг онцгойлон анхаарах талаар  үүрэг даалгавар өглөө.

- Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “АВЛИГЫН ЭСРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО”-ны жил болгох. Төрийн албаны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгэмд байгаа авлига, хүнд суртлыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажиллах,

- Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах,

- Жендэрийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна