Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Үүнд:
Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.
Аливаа шударга бус үйлдэл, хээл хахуул, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм. Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.
Хүн бүр “Эх орон надад хэрхэн тусалж, намайг хэрхэн дэмжих вэ гэхээсээ илүүтэй би эх орныхоо төлөө юу хийж бүтээж чадах вэ” гэж дор бүрнээ тунгаан бодож, өөрөө өөрөөсөө асуух цаг нэгэнт болжээ. Энэ бол бидний цаг алдалгүй хийх ёстой сэтгэлгээний хувьсгал билээ.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.
Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр,хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Эх орондоо “Хүнсний хувьсгал” хийцгээе" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна