Польш улс НАТО-гийн гишүүн орнуудаас анх удаа Украинд сөнөөгч онгоц илгээхээр болжээ

Амаржаргал
2023 оны 3-р сарын 17 -нд

Польш улсын эрх баригчид өчигдөр Зөвлөлтийн үеийн МиГ-29 сөнөөгч онгоцнуудаа Украинд илгээх болсныг зарлажээ.

Ингэснээр тус улс Украинд ийм зэвсэг нийлүүлсэн анхны НАТО-гийн гишүүн орон болж байна.

Ойрын өдрүүдэд дөрвөн ширхгийг илгээх ба засвар үйлчилгээ дууссаны дараа бусдыг нь нэмж илгээхээр болсныг Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда мэдэгджээ. Тус улс нийтдээ арав гаруй сөнөөгч онгоц илгээх юм байна.

“Эдгээр онгоцнуудын ашиглалтын хугацаа дуусахад цөөн жил үлдсэн. Гэхдээ хэвийн ажиллагаатай байгаа” гэж Дуда хэлжээ.

Словак улс бас өөрийн зэвсэглэлд байгаа МиГ сөнөөгч онгоцнуудыг Украинд илгээх гэж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.

Польш улс өмнө нь бас Германд үйлдвэрлэсэн Leopard 2 танкуудыг НАТО-гийн орнуудаас анх удаа Украинд илгээж байв.

Харин Польшийн хөрш Герман улсын албаныхан Украинд сөнөөгч онгоц илгээх тал дээр эргэлзсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

“Одоохондоо бүх улс сөнөөгч онгоц илгээх цаг нь болоогүй гэсэн байр суурь дээр нэгдсэн байгаа. Польш улс ийм шийдвэр гаргасан талаар надад мэдээлэл алга” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

АНУ-ын засаг захиргаа Польшийн алхмыг тусгаар улсын бие даасан шийдвэр гэж тайлбарлаад Украинд үргэлжлүүлэн тусалж байгааг нь сайшаасан байна.

Гэхдээ энэ нь Украинд сөнөөгч онгоц илгээхгүй гэсэн тус улсын байр суурьт нөлөөлөхгүйг мэдэгджээ.

“Сөнөөгч онгоц нийлүүлэх цаг нь болоогүй гэсэн манай байр суурьт энэ шийдвэр нөлөөлөхгүй. Энэ бол бидний бусдаас хамааралгүй гаргах шийдвэр” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэлсэн байна.

Сөнөөгч онгоц Украинд илгээх нь мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй хэмээн Өрнөдийн холбоотнууд болгоомжилж байгаа.

Польш улс Украинд илгээсэн сөнөөгч онгоцнуудаа Өмнөд Солонгосоос худалдаж авах FA-50, АНУ-аас авах F-35 онгоцнуудаар нөхөх гэнэ.

Түүхийнхээ туршид Оросын түрэмгийлэлд олон удаа нэрвэгдэж байсан Польш улс одоо Украины чухал түшиг тулгуур болж байгаа.

Тус улсад АНУ-ын олон мянган цэрэг байрлаж, Украинаас хамгийн олон дүрвэгч хүлээж авсан юм. Мөн Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн ихэнх хэсэг Польшийн нутаг дэвсгэрээр дамжиж байгаа.

Дайн эхлэхээс өмнө Украины зэвсэгт хүчинд Зөвлөлт Холбоот Улсаас өвлөж авсан олон арван МиГ-29 сөнөөгч онгоц байсан гэдэг. Харин өнөөдөр эдгээрийн хэд нь ашиглагдаж байгаа талаар мэдээлэл алга байна.

 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна