БНХАУ-ын бизнес эрхлэгчид Монголын томоохон төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Амаржаргал
2023 оны 3-р сарын 20 -нд

БНХАУ-ын Пан-Чайна группийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Жин Шиань Жунь ахалсан БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн бизнесийн төлөөлөл манай улсад ажил хэрэгч айлчлал хийж, томоохон төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Тэд ажлын айлчлалын хүрээнд Эрчим хүчний яам, Зам Тээврийн хөгжлийн яамны холбогдох удирдлага, Хөшигийн хөндийн ашиглалтын өмнөх захиргаа, Монголын төмөр зам болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзан, зөвлөгөөн зохион байгуулав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, түүний хэрэгжилтийн гарааны “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийн эдийн засгийн бүс, шинэ хот, суурьшлын бүс байгуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ төмөр замын бүтээн  байгуулалтад оролцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Пан-Чайна групп нь Хятад төдийгүй дэлхийн олон оронд “Шинэлэг эко” хот байгуулалтын чиглэлээр нэрд гарч хүлээн зөвшөөрөгдсөн групп компани аж. БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны "Хотын ухаалаг аж үйлдвэрлэлийн тэргүүлэгч үндэсний онцгой аж ахуйн нэгж"-ээр шалгарч байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна