Дайн эхэлснээс хойш ОХУ-аас БНХАУ-ын авсан шатах түлшний импорт $88 тэрбум болж өсжээ

Б.Энхчулуун
2023 оны 3-р сарын 22 -нд

  • Украины дайн эхэлснээс хойших 12 сарын хугацаанд ОХУ-аас БНХАУ-ын импортолсон түүхий газрын тосны хэмжээ 89.3 сая тонн болсон байна

ОХУ Украинд халдан довтолж, улмаар дэлхийн эрчим хүчний зах зээлд хямрал дагуулсан 2022 онд ОХУ-аас БНХАУ-ын авах газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэж, импорт нь 50 гаруй хувиар өссөн байна. 

Энэ оны хоёрдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд боловсруулаагүй газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, нүүрс, байгалийн хий зэрэг ОХУ-ын эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүнд чиглэсэн Бээжингийн зарцуулалт 88 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнийг БНХАУ-ын Гаалийн албанаас мэдээлжээ. Харьцуулбал өмнөх 12 сард нь тус улс ОХУ-аас 57 тэрбум ам.долларын эрчим хүчний бүтээгдэхүүн импортолж байсан аж. 

ОХУ-ын экспортод БНХАУ-ын эзлэх хувь ийнхүү өссөн нь хоёр улсын худалдааны харилцааны тэнцвэргүй байдал нэмэгдсээр байгаагийн гол шалтгаан бөгөөд энэ долоо хоногт Ерөнхийлөгч Ши Жиньпиний Москвад хийж буй айлчлалын үеэр гол анхаарал татах асуудал болохоор байна. ОХУ-ын хувьд олон улсын хориг арга хэмжээг сөрж, дайнаа санхүүжүүлэх хөрөнгийн найдвартай эх үүсвэр, БНХАУ-ын хувьд эрчим хүчний зогсолтгүй өсөх хэрэгцээгээ хангах шатах түлшний томоохон урсгалын хэрэгцээ бий.

reu-new-02.pngreu-new-02.png

Импортын тайлангаас харвал дээрх хугацаанд ОХУ Саудын Арабыг гүйцэж, БНХАУ-ын түүхий газрын тосны гол ханган нийлүүлэгч болжээ. Түүнчлэн тус улс БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр Индонез улсын дараа хоёрдугаарт, байгалийн хийн хэмжээгээрээ гуравдугаарт бичигдэж байна. 

Украины дайн эхэлснээс хойших 12 сарын хугацаанд ОХУ-аас БНХАУ-ын импортолсон түүхий газрын тосны хэмжээ 89.3 сая тонн,  шингэрүүлсэн байгалийн хий 52 хувиар өсөж, 6.86 сая тонн, нүүрс 33 хувиар өсөж 76.4 сая тонн, боловсруулсан хөнгөн цагаан 50 гаруй хувиар өсөж,  538 мянган тонн, алт 68 хувиар өсөж, 6803 кг хүрсэн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна