Н.Баярмөнх: Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гэж төрийн бүтэц байгаа. Тиймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна

Ө.Галбадрах
2023 оны 3-р сарын 24 -нд


Сар бүр тогтмол зохион байгуулагддаг уулзалтад иргэд ихэвчлэн газрын асуудлаар ханддаг учраас газар зохион байгуулалтын нэг, хоёрдугаар албаны дарга, газар зохион байгуулагч нарыг оролцуулж боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өглөө.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг иргэд хамтарч төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Зуны дэлгэр цагт амрагчид Гачуурт тосгоны зорьж амраад явдаг. Зарим иргэдийн хувьд байрласан газраа хог үлдээх, ил задгай бие засах зэрэг асуудал гаргадаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс тэд төсөл боловсруулсан бөгөөд хийж хэрэгжүүлэх ажлаа өнөөдөр танилцуулсан юм.

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Ц.Бадам-Отгон арьсан бүтээгдэхүүнээр өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бизнесээ гараагаа 50 мянган төгрөгөөс эхлүүлж байсан түүний хувьд тодорхой хэрэглэгчтэй болж чаджээ. Цаашид өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээс үндэсний үйлдвэр эрхлэгч болох зорилготой ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлаа иргэдийн уулзалтад оролцож, засаг даргад уламжилсан юм.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Э.Эрдэнэжаргал 21 дүгээр сургууль, 256 дугаар цэцэрлэгийн орчимд явган хүний зам, замын тэмдэг тэмдэглэгээ байршуулах асуудыг хөндсөн. Хүүхэд зорчиход хүндрэлтэй байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой ажил зохион байгуулахыг хүссэн.

Дээрх санал хүсэлтэд Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох алба хэлтсийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилласан талаар дараагийн уулзалт дээр тайлагнаж байхыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна