Финланд улс НАТО-гийн 31 дэх гишүүн улс боллоо

ALs
2023 оны 4-р сарын 05 -нд

Финланд улс мягмар гарагт НАТО-гийн 31 дэх гишүүн улс боллоо. Тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Брюссель дэх НАТО-гийн төв байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан ёсны баримт бичгийг хүргүүлснээр гишүүнээр элсэх үйл явц ийнхүү өндөрлөжээ.

Блинкен Финланд улс НАТО-д элссэнийг "түүхэн өдөр" хэмээгээд, энэ нь Владимир Путины Украинд эхлүүлсэн дайнтай холбоотой гэв. Тэрээр "Энэ бол ноён Путинд талархаж болох цорын ганц зүйл гэж би хэлмээр байна" гэжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг сэтгүүлчдэд "Энэ нь Финландыг аюулгүй, НАТО-г илүү хүчирхэг болгоно" гэж мэдэгджээ. Тэрээр "Ерөнхийлөгч Путины довтолгооны зорилго өөрийн улсын хилийн дагуу НАТО-гийн орнуудыг цөөлөх, Европт шинэ гишүүн элсүүлэхгүй байх зорилготой байсан ч яг эсрэгээрээ боллоо" гэжээ.

Финланд улс Шведийг НАТО-д элсэхийг дэмжинэ гэж тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдэв. "Шведийн гишүүнчлэлгүй бол Финландын гишүүнчлэл бүрэн бүтэн болж чадахгүй. Шведийг НАТО-д элсүүлэх ажил тасралтгүй үргэлжилж байна" гэж Ниинистё мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Финланд улс НАТО-д элссэн асуудлаар тайлбар хийхдээ Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд халдаж байна гэж мэдэгдэв.

"Нөхцөл байдлыг улам хурцатгалаа гэж Кремль үзэж байна. НАТО-г өргөжүүлснээр манай аюулгүй байдал, ОХУ-ын үндэсний ашиг сонирхолд халдаж байна. Бид ингэж л хүлээж авч байна. Өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд тактикийн болон стратегийн сөрөг арга хэмжээ авахад биднийг хүргэж байна" гэж Песков хэлжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна