Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг эргэн харах боломжтой

ALs
2023 оны 4-р сарын 06 -нд

Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт өнөөдөр болсон. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм. Ерөнхий сайд, Улсын төсөв байнга алдагдалтай гардаг байсан энэ оны төсөв 1 тэрбум орчим төгрөгийн ашишгтай гарна. Энэ эх үүсвэрийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулна. 

E-Mongolia платформ  1.5 сая хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдөр E-Mongolia дотор e-business цэс нээгдэж байна. Ийм цэс нээгдсэнээр тусгай зөвшөөрлүүд, магадгүй гадаадаас ч компаниуд Монголын бизнес, эдийн засгийн оролцогч байх боломж бүрдэж байна. Компани байгуулах гэвэл Улсын бүртгэл, Татварын ерөнхий газар гэх мэт олон байгууллагад очдог байсан бол одоо гар утсаараа Е-Business рүү нэвтэрч хэрэгтэй үйлчилгээгээ авах боломжтой. Засгийн газар технологийн дэвшлийг ашиглах хүнтэй нүүр тулахгүй ажиллаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьсан. Ингэснээр хүнд суртлыг багасгана гэж үзэж байна. Засгийн газраас дэвшүүлж байгаа “Шилэн ажиллагаа” ч үүнтэй холбоотой юм. Е-Business цэсэнд цаашид хөгжүүлэлт хийгээд явах юм. Бизнес эрхлэгчид ямар санал байгаагаа 11-11 төв рүү утасдан уламжлахыг уриалж байна. Цахим, авлигагүй, шилэн Монгол Улс болоход иргэдийн оруулж болох хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсэг авах. Өнөөдрийн байдлаар 600 мянга орчим иргэн тоон гарын үсгээ авсан байна. Тоон гарын үсэгтэй болсноор та нотариатад очих шаардлагагүй. Та орон нутгаас Улаанбаатарт ирж үйлчилгээ авах шаардлагагүй. Цаашид цахимаар сонгуульд саналаа өгөх боломж бүрдэнэ.  -5Ш ажиллагааны хүрээнд авлигын эсрэг ямар ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?-Нууц зүйл гэж байхгүй болно. Жишээ нь, Ямар иргэн нийслэлд газар авч байна. Хэн тэтгэлэг, тендер авч байгаа нь ил болно. Энэ нь иргэдийг буруутгаж байгаа хэрэг биш, тэр үйлчилгээ авахад нөлөөлөл орсон эсэхийг харьцуулах, дүгнэлт хийх боломж бүрдэх юм. Бүх зүйл ил болоход авлигын хөрс суурь үгүй болно гэсэн үг.

-Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, үнийн өсөлтийг бууруулах ямар боломж, шийдэл байна вэ?-Монгол Улсын эдийн засаг жилийн өмнө -4.7 хувьтай, улсын төсөв 23 хувиар тасарсан байв. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт бараг 6 хувьд хүрлээ. Энэ нь уул уурхайн өсөлт, боомтын сэргэлттэй холбоотой. Тавантолгойн нүүрсийг уурхайн ам үнээр тонн тутмыг 100 ам.доллараар зарж байсан бол 170 доллараар зарж байна. Тонн тутамд 80 долларыг хулгайг илрүүлсэн гэсэн үг. 

-Эдийн засаг сэргэж байгаа бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд ялгаваргүй олгох боломж гарах уу?-Хүүхдийн мөнгийг яагаад нийт хүүхдийг 91 хувьд олгох шийдвэр гаргасан бэ? гэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудаас төсөв хүндрэлтэй, Монгол Улс дампуурлаа зарлах эрсдэлтэй байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тухайн үед энэ зөвлөмжийг дагахаас аргагүй байв. Одоо нөхцөл байдал өөр болсон. Хүүхдийн мөнгөний асуудлыг эргэн харах боломжтой. Үүнийг олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж хийхгүй бол төсвийн зардлыг тэлээд байна гэсэн шүүмжлэл гарна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг шийдэх санхүүгийн боломжууд 6-7 дугаар сард гарна гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна