Энэтхэгийн 1.3 тэрбум хүн хөл хорионд орлоо

Отгоо
2020 оны 3-р сарын 25 -нд

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Covid-19-ийн дэгдэлтийн улмаас улс даяар хөл хорио тогтоолоо. Хөл хорионд тус улсын хүн ам бүгд буюу нийт 1.3 тэрбум хүн багтаж байгаа юм.

Иргэдийг гэр орноосоо гарахыг хориглосон шийдвэрээ хөл хорио мөрдөгдөхөөс дөрвөн цагийн өмнө л танилцуулсан байна. Иймд хүмүүс цагийг нь тулгаж зарласанд бухимдаж, бэлдэх цаг хугацаа өгөх байсан хэмээн шүүмжилжээ.

Моди орон нутгийн цагаар 20 цагт иргэддээ хандан үг хэлжээ. Хөл хориог 00.00 цагаас мөрдөж эхлэх бөгөөд гурван долоо хоногийн турш иргэд гэрээсээ гарах хориотой болжээ.

  • Хөл хорио 21 хоног үргэлжилнэ
  • Энэ хугацаанд иргэд ямар ч шалтгаанаар гэрээсээ гарах хориотой
  • Моди вирусийн тархалтыг зогсоох ганц арга энэ гэв
  • Ерөнхий сайд эрүүл мэндийн байгууллагын дэд бүтцэд хөрөнгө оруулах зорилготой хоёр тэрбум шахам долларын сан байгуулснаа зарлалаа
  • Тэрбээр иргэдээ дам ярианд итгэхгүй байж, албаны заавар зөвлөгөөг дагахыг уриалав

Хөл хорио тогтоосон хэдий ч Энэтхэг улсад олон сая хүн гэр оронгүй, гудамжинд амьдарч байна. Тэдэнд наад захын гараа угаах, ариун цэвэр сахих нөхцөл боломж хомс учраас халдвар нэгэнт дэгдвэл тогтоон барих хүндрэлтэй болно гэж эмээж буй.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт хөл хорионы тусгай цаг зарласан байсан бөгөөд Ерөнхий сайд иргэдээ сайн дураар мөрдөхийг уриалж байв. Нарендра Модигийн хэлснээр энэтхэгчүүдийн ихэнх нь уг шийдвэрийг сайтар даган мөрдсөн байна.

Тус улсад даваа гарагийн өглөөнөөс үйлчилгээний газрууд, албан байгууллагуудыг хааж, хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

Одоогоор Энэтхэгт 500 шахам хүн халдвар авч, есөн хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна