АНУ, Папуа, Шинэ Гвиней улстай аюулгүй байдлын гэрээ байгууллаа

ALs
2023 оны 5-р сарын 23 -нд

АНУ Номхон далай дахь Хятадын нөлөөг хязгаарлахын тулд Папуа Шинэ Гвиней улстай батлан хамгаалах, далайн тэнгисийн тандалт судалгаа хийх тухай аюулгүй байдлын гэрээ байгуулсан байна. Австралийн хойд талд оршдог Папуа Шинэ Гвиней нь стратегийн чухал байршилтайн дээр байгалийн асар их баялагтай улс юм байна. Вашингтон болон түүний холбоотнууд Номхон далайн арлын орнуудыг Хятадтай аюулгүй байдлын харилцаа үүсгэхээс нь урьтаж, гэрээ байгуулах дипломат ажиллагаа явуулж байгаа юм.

Энэхүү гэрээ нь аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулах, Папуа Шинэ Гвинейн батлан хамгаалах хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд суурь болж өгнө гэж АНУ-ын төрийн департаментын үзэж байна. Гэрээний дагуу Папуа шинэ Гвинейн эдийн засгийн онцгой бүсэд Америкийн эргийн хамгааллын харуулын онгоцуудыг ашиглан далай тэнгис дэх тандалтыг нэмэгдүүлэх, хууль бус загас агнуураас эдийн засгийг хамгаалах юм байна. Вашингтон тус улсын эдийн засаг, аюулгүй байдал тэр дундаа батлан хамгаалах хүчний тоног төхөөрөмж зэргийг шинэчлэхэд 45сая америк долларын санхүүжилт оруулахаар төлөвлөжээ. Папуа шинэ Гвинейн ерөнхий сайд Америктай гэрээ байгуулснаар худалдааны гол түнш Хятадтай хамтын ажиллагаагаа зогсооно гэсэн үг биш гэж мэдэгдэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгийн ширүүн тулаануудын нэг болж байсан энэ улс 10 сая хүн амтай, Номхон далайн бүс нутагтаа хамгийн олон хүн амтай улс юм байна. Сүүлийн жилүүдэд АНУ Номхон далайн бүс нутагт тавьж байгаа анхаарлаа эрс нэмэгдүүлсэн. Тухайлбал Соломоны арлууд, Тонга зэрэг арлын улсуудад элчин сайдын яамаа нээж, Энх тайвны корпусын сайн дурын үйл ажиллагааг сэргээж, эдгээр улсуудын бизнесийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна