Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд:
-Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, хүүхдийн тоглоом худалдаж, явуулын үйлчилгээтэй 13 цэгээр түргэн хоол борлуулахаар болсон. Мөн Монголын хүүхдийн ордны гадна 20 асраар худалдаа, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд тав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 газар худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Эдгээр байгууллагад холбогдох албаныхан хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан гэлээ.
НЭМГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Шинэдаваа:
-Хүүхдийн баярын үеэр манайхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр таван байршилд 163 цэгт 46 улсын байцаагч хяналт тавин ажиллана. Үүнээс гурван байршилд нь түргэн тусламжийн машин байршуулна гэв. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх, жимс, жимсгэнийг угааж идэхийг зөвлөлөө.
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийг уриаллаа
Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд хүүхдийг зам тээврийн осолд сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа юм. Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн маргааш замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.
Зарим байршилд 08:00-20:00 цагийн хооронд зам хаана
Хүүхдийн баяраар замын хөдөлгөөнд орох өөрчлөлтийн талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу танилцууллаа.
Маргааш 08:00-20:00 цагийн хооронд
Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.
Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө
Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм. Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа:
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй хэмээсэн юм.
Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлахыг уриаллаа
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Б.Хонгор:
-Бид нийтийг хамарсан баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол хийдэг. Энэ удаа 98 хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн Хүүхдийн баяраар бэлэг, хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн, торт үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьж байна. Тэрчлэн явуулын хоолны үйлчилгээнд зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалаагүй, зориулалтын бус саванд хоол савласан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн гэв. Иймд иргэдийг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацаа, зориулалтын хөргүүрт байгаа эсэхийг нягтлахыг уриаллаа.
Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд хяналт тавьж байна
Нийслэлийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Хуягбаатар
-Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хяналт тавьж байна. Сүхбаатарын талбайн баруун урд талд таван төрлийн тоглоом байрлуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Амгаланзаяа:
-Хүүхдийн баярын өдрөөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах дөрвөн байршилд 32 алба хаагч таван автомашинтай үүрэг гүйцэтгэнэ. Мөн нийслэлийн гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн 24 цагаар бэлэн байдалд ажиллана гэлээ. Түүнчлэн бороо хур элбэгтэй байх тул амралт зугаалгад явах, салхинд гарахдаа хүүхдүүдээ гол уснаас хол байлгах, хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа.
Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал,
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Зөвлөмж
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.
Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна