БНСУ-ын Буёо мужтай хамтран ажиллахаар боллоо

ALs
2023 оны 6-р сарын 02 -нд

Баянзүрх дүүрэгт БНСУ-ын Буёо мужийн удирдлагын багийн төлөөлөл манай дүүрэгт зочилж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад БНСУ-ын Буёо мужийг төлөөлж Буёо мужийн менежментийн хэлтсийн менежер Ки Хонг Ку, Буёо мужийн хувиарлалтын хэлтсийн багийн ахлагч Гапжун Ким, Буёо мужийн хувиарлалтын хэлтсийн мэргэжилтэн менежер Ёорим Ли, Байекже мару компанийн гүйцэтгэх захирал Хёнжүн Чой нар оролцсон бол манай дүүргийн удирдлагын багийг төлөөлж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат нар оролцлоо.

Буёо мужийн эдийн засгийг газар тариалан, аялал жуулчлалаас олсон орлого бүрдүүлдэг аж. Тийм ч учраас газар тариалангаараа БНСУ-даа алдартай төдийгүй 300 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. Тус мужаас хоёр дахь удаагаа манай улсад айлчилж ирсэн бөгөөд анх ирэхдээ газар тариалангийн бүтээгдэхүүнээ манай улсад экспортлох боломжийг эрэлхийлж ирсэн бол энэ удаа Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах санал тавихаар айлчилж буйгаа хэллээ.

Тус мужтай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд эхнийх нь газар тариалангийн бүтээгдэхүүн худалдаалах, хүлэмжийн аж ахуй байгуулах. Харин дараагийн санал нь манай улсаас тус мужид ажиллах хүчийг улирлын чанартай авах. Манай дүүрэгт тус дүүрэгтэй энэ чиглэлээр санамж бичиг байгуулснаар дүүргийн иргэд тус мужид улирлын чанартай буюу 4 сарын хугацаанд хүлэмжийн аж ахуйд ажиллах боломж бүрдэх боломжтойг тэд хэллээ.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүрэгт бүтээн байгуулж буй IGM буюу олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар товч танилцуулж энэхүү төсөлд хамтрах боломжтойг хэлсэн.

Тун удахгүй Буёо мужийн Засаг дарга манай улсад айлчлан ирэх сонирхолтой байгаа аж. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх албан ёсоор урилга илгээж, хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр үед дээрх хамтран ажиллах саналуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэж, албажуулахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна