Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуультай болно

ALs
2023 оны 8-р сарын 30 -нд

  • Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
  • Тус хороо  хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилготой.
  • Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээв.

Тэрээр үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэ Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байна.” гэв.

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  холбогдох албаныханд үүрэг болголоо.

Хуралдаанд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, тусгай хамгаалалттай газрын талаар холбогдох албаныхан танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төлөвлөлтгүй хот, төлөвлөлтгүй газар олголтоос үүдэлтэй, 30 жилийн турш хуримтлагдсан асуудлыг хот дангаараа шийдэх боломж хомс. Зөвхөн хотын хөгжил яриад байвал хөдөөгийн хөгжил хоцорно. Хотоо л хөгжүүлээд байвал хүн амын нягтаршил, авто машины хэрэглээ нэмэгдэнэ. Дан хотын хөгжилд анхаарч, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа хот руу төвлөрүүлэх бус хөдөөгийн бүсчилсэн төлөвлөлтийг хийж, хөгжилд нь анхаарах цаг болсон” гэжээ.

Хурлын төгсгөлд Улаанбаатарын төлөвлөлтийн талаарх олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна