Саудын Арабтай эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтой

ALs
2023 оны 9-р сарын 05 -нд

  • Ерөнхийлөгч Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав.
  • Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауди Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд юм.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс,  Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав.

Тэрбээр байгаль орчин, бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна