Ирэх жилээс Венец хот руу аялах жуулчдаас хураамж авдаг болно

ALs
2023 оны 9-р сарын 07 -нд

  • Венец хотыг аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулах санал гаргасан
  • Хураамжийг 14-өөс дээш насны жуулчдаас авна
  • Уг төлөвлөгөөг анх 2019 онд гаргаж байжээ

Ирэх жилээс эхлэн Италийн Венец хотод өдрөөр зочилж буй жуулчдаас таван еврогийн хураамж авахаар зорьж буйг тус хотын захиргаа мэдэгджээ. Уг шийдвэр нь Венецийн сувгуудыг үзэхээр ирдэг жуулчдын тоог зохицуулах зорилготой гэв.

Хураамжийг 14-өөс дээш насны хүмүүсээс авах бөгөөд Венецийг зорих жуулчдын тоо оргилдоо хүрдэг зуны улиралд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн энэ нь мөнгө олох зорилготой биш ба жуулчдаас авсан хураамжийг уг шийдвэрийг хэрэгжүүлэх зардалд л ашиглана гэдгийг хотын аялал жуулчлал хариуцсан ажилтан хэлэв.Жуулчдаас хураамж авах тухай төлөвлөгөөг анх 2019 онд гаргаж байсан ба ковидын цар тахлын улмаас хойшлуулаад байжээ. Венец хотыг зорих хэт их жуулчны тоо сүүлийн жилүүдэд асуудал болоод байна.

Тодруулбал НҮБ-ын соёлын агентлагаас Венец хотыг аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулах санал гаргасан юм. Италийн нэр хүнд болсон Венец хот нь хэт их аялал жуулчлал, өндөр хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөөр далайн усны түвшин нэмэгдэх зэрэг шалтгаанаар “сэргээх боломжгүй” хохирол амсаж болзошгүйг ЮНЕСКО тайландаа анхааруулсан.

Эх сурвалж: Ройтерс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна