Баянзүрх дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийг цэгцлэх үүднээс дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд ТҮЦ эрхлэгчдийн зүгээс ТҮЦ-ээ ачуулахгүй байх талаар болон тодорхой шаардлагуудыг дүүрэг, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, ТҮЦ нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг ахалж буй алба хэлтсийн удирдлагууд ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
"Бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээсээ өмнө дүүрэг, хороо, нийслэлээ эмх цэгцэнд нь оруулах ажлыг 2020 оноос эхлүүлсэн. Тухайлбал орон сууц хороололд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг чөлөөлж иргэндээ ээлтэй ногоон байгууламж барих, явган зам хааж байрласан хашаа хайсыг чөлөөлж орц гарц нээх гэх мэт ажлуудыг хийсээр байна. Мөн иргэдийн санал хүсэлтэд үндэслэж төв зам дагуух автобусны буудал орчмын ТҮЦ-үүдийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлуудыг яагаад хийх болсон гэхээр нэг ч гэсэн иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдарч аж төрөөсэй, нэг ч гэсэн хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглээсэй гэдэг зорилгын дор хийгдэж байгааг ТҮЦ эрхлэгчид маань ойлгох хэрэгтэй" гэсэн юм.
Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс Бид ТҮЦ-ээр амжиргаа залгуулдаг учраас бидний ажлын байрыг үгүй хийчих юм бол цаашид хэрхэн орлого олох вэ? Бидний үр хүүхдийн сургалтын төлбөр, ажил амьдрал, хоол хүнсийг хэн залгуулах, зэрэг асуудлаар асуулт асууж, саналуудаа хэлсэн.
Үүнд Баянзүрх дүүргийн Удирдлагын багын зүгээс, ямартай ч эхний ээлжинд төв зам дагуух автобусны буудлын тохижилтын ажилтай холбогдуулан ТҮЦ-үүдийг цэгцэлнэ. Гэхдээ судалгаа, зарим ажилтай холбогдуулан нэг автобусны буудалд дээд тал нь хоёр ТҮЦ байрлуулах, байрлахдаа бидний өгсөн байршилд байх зэрэг талаар зөвшилцөж шийдвэр гаргана гэдгээ мэдэгдлээ. Иймд ТҮЦ нүүлгэлттэй холбоотой ажилд саад хийхгүй, үйл ажиллагааг хамтарч явуулахыг хүслээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна