“Спортоор дэлхийд гарах Монгол ур чадвар”-ыг тодруулахаар Италийн алдарт хөл бөмбөгчин, дасгалжуулагчид ирээд байна

ALs
2023 оны 9-р сарын 11 -нд

Манай улсад зохион байгуулагдаж буй “ITALIAN SOCCER CAMP 2023” арга хэмжээний нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайд болж байна. Энэхүү хөл бөмбөгийн хүүхдийн сургалт нь 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Марко Шембригийн санаачилгаар Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн авьяаслаг тамирчин хүүхдийг сонгон авч мэргэжлийн тамирчин болгох зорилготой.

“Спортоор дэлхийд гарах Монгол ур чадвар” уриатайгаар зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээний бие төлөөлөгчөөр Италийн алдарт хөл бөмбөгчин, 2006 оны дэлхийн аварга Жанлука Замбротта оролцож байгаа бол хүндэт зочноор 3 сая гаруй дагагчтай, дэлхийн од Freestyler тамирчин Сванн Ритосса тэргүүтэй хөл бөмбөгийн багш дасгалжуулагчид хүрэлцэн ирээд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар болон Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд болон бусад албаны хүмүүс, сургалтад хамрагдахаар шалгарсан 80 хүүхэд болон хөл бөмбөгийн спортод хайртай, тоглодог хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамт оролцлоо.

“ITALIAN SOCCER CAMP 2023” сургалтад хамрагдах хүүхдүүдийг гурван сарын өмнөөс CAREER NUMBER аппликейшнээр бүртгэж 1200 хүүхдээс 8-14 насны 80 хүүхдийг сонгосон бөгөөд нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс нэмж 40 хүүхдийг сонгон авч Италийн дасгалжуулагч нар дөрвөн өдрийн сургалт явуулах юм. Үүнээс шалгарсан 3 хүүхдийг Итали улсад болох хөл бөмбөгийн баярт оролцуулахаар төлөвлөж байгаа юм.

Манай улсад өмнө нь “ITALIAN SOCCER CAMP” 2011 онд болж байсан бөгөөд тухайн үед сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 5 хүүхэд шалгарч Италийн хөл бөмбөгийн баярт оролцоод зогсохгүй өдгөө тэдний нэг болох Г.Ганбаяр Европын лигт амжилттай тоглож байгаа юм.

Мөн нээлтийн үеэр сургалтад хамрагдахаар шалгарсан 120 хүүхдэд хөл бөмбөгийн өмсгөл гардуулан өгсөн нь хүүхэд багачуудад чухал бэлэг болж чадсан юм.

Мөн нээлтийн үеэр Италиас ирсэн хөл бөмбөгчин, дасгалжуулагч нарын багтай Монголын талын зохион байгуулагчид нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд цэнхэр буюу Италийн багийн ялалтаар тэмцээн өндөрлөсөн.

“ITALIAN SOCCER CAMP 2023” арга хэмжээг зохион байгуулж буй иргэдийн нэрлэж заншснаар 15-ын хөл бөмбөгийн талбай буюу 4 дүгээр хороонд байрлах талбай олон жил газрын маргаантай явсан бөгөөд энэхүү маргаан шийдвэрлэгдэж, дахин шинэчлэх ажлыг Монголын хөл бөмбөгийн холбоо, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр хийгдсэнээр өнөөдөр албан ёсоор нийслэлчүүдийн мэдэлд шилжиж буй давхар баяр тохиосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна