Оросын дунд сургуулиудад цэргийн хичээл зааж байна

ALs
2023 оны 9-р сарын 25 -нд

Оросын цэцэрлэгийн ангийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөн, жагсаалын бэлтгэл хийж, арай том хүүхдүүдэд шуудуу ухах, гранат шидэх, жинхэнэ сумаар буудах аргыг зааж байна.

ОХУ-ын хэмжээнд ЕБС-иудад Зэвсэгт хүчний албыг алдаршуулж, өсвөр үеийнхний “сайн дурын рот” байгуулж, эх орноо хамгаалахад чиглэсэн үндэсний сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл Оросын хүүхдүүдийг дайнд бэлтгэсээр...

Орос, Украины дайнаас хойш Оросын улсын сургуулиудыг цэрэгжүүлэх ажиллагаа эрчимжиж, эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлж байгаа аж. Үүнд чиглэх хөрөнгө оруулалт нь асар их. Боловсролын сайд Сергей Кравцов саяхан хэлэхдээ, Оросын сургууль, коллежид "Эх оронч цэрэг" гэж нэрлэгддэг 10 мянга орчим клубт ажилд 250 мянган хүн оролцож байна гэжээ.

Эдгээр клубууд нь сургуулийн сургалтын хөтөлбөрийг эрс шинэчлэх зэрэг олон талт үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цэрэг-эх оронч үзлийн талаар хичээл зааж, сургалтын гарын авлагад Оросын армийн талаар нэмжээ.

ОХУ-ын орон нутгийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр CNN агентлагаас явуулсан өргөн хүрээний судалгаагаар 7-8 настай хүүхдүүд цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, долоодугаар сард Белгород хотын хүүхдүүд автомат зэвсэг ашиглах, пулемёт угсрах, саад бэрхшээлийг даван туулах сургалтад хамрагджээ.

Энэ оны наймдугаар сард ерөнхийлөгч Владимир Путин сургуулиудад "Эх орны аюулгүй байдал, батлан хамгаалах үндэс" гэсэн заавал байх ёстой шинэ хичээлийг нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан.

Улмаар Боловсролын яамнаас энэхүү санаачилгын хүрээнд цэргийн ангиудаар аялал хийх, цэрэг-спортын тоглоом тоглох, цэргийн алба хаагчид, ахмад дайчидтай уулзах, нисгэгчгүй онгоцоор хичээллэх зэрэг сургалтуудыг сурталчилжээ.

Ахлах сургуулийн сурагчдад мөн цэргийн туршлагатай офицер, зааварлагчийн удирдлага дор зөвхөн галын шугам дээр сум хэрэглэхийг заана гэж яамнаас мэдээллээ. 2024 оноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр нь оюутнуудад цэргийн дүрэмт хувцасны гоо зүй, цэргийн зан үйл, байлдааны уламжлалын талаарх ойлголт өгөх, төлөвшүүлэх зорилготой гэж Боловсролын яамны баримт бичигт дурджээ.

Мөн "Оросын түүх" хичээлийн сурах бичигт Крымын гүүр, Украины сүүлийн үеийн түүхэнд зориулсан шинэ бүлэг нэмсэн бөгөөд энэ нь “Түүхийг мушгин гуйвуулах”, “Нацизмын сэргэлт”, “Украины неонацизм”, “Орос бол баатруудын орон” гэсэн дэд хэсгүүдтэй юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна