Dota 2-ын шигшээ баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

ALs
2023 оны 10-р сарын 03 -нд

  • 19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" үргэлжилж байна.
  • Энэ удаагийн Азийн наадамд анх удаа Esport-ын төрөл багтсан.
  • Dota 2 тоглоомын төрөлд Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" 14 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Dota 2-ын шигшээ баг финалд Хятадын шигшээ багтай тоглож 2-1 харьцаагаар хожигдлоо.

Финалын эхний тоглолтод хожоод байсан Монголын шигшээ баг дараалан хоёр "map" алдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.

Тэд Мьянмар, Узбекистаны шигшээ багууд багтсан С хэсгийг тэргүүлэн шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар "Natus Vincere" багийн "Malik", "Malady" тэргүүтэй Казахстаны шигшээ багийг 2-1 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан бөгөөд "HYDRA" багийн "dream", "Team Secret" багт тоглож байсан "Zayac" тэргүүтэй Киргизийг 2-0 харьцаагаар илүүрхэн финалд үлдсэн.

Азийн наадамд хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн баг нь Хятад болон Малайзын шигшээ баг байв. Малайз хагас шигшээд Хятадад хожигдсоноор хүрэл медалийн төлөө Киргизтэй тоглосон юм. Тэд энэ наадамд "Xtreme Gaming" багийн "Ghost", "JT", "LGD Gaming" багийн "NothingToSay", "BOOM Esports" багийн "xNova", "Myth Avenue Gaming" багийн "YamateH" нарыг цуглуулж дасгалжуулагчаар "BOOM Esports" багийн "Mushi"-г дуудсан.

Харин хүчирхэг Хятадын шигшээ баг "Azure Ray" багийн дасгалжуулагч "LaNm"-аар толгойлуулсан. Дэлхийн аварга LaNm багаасаа "chalice", "Somnus" нарыг дуудаж "Xtreme Gaming" багийн "XinQ", "Team Aster" багийн "皮球" буюу pí qiú болон алдарт "LGD Gaming" багийн "Ame" нартай нэгтгэсэн юм. Сэлгээнд нь "Invictus Gaming" багийн "Pyw" нэрлэгдсэн байна.

Монголын шигшээ багийн хувьд Dota 2-ын хамгийн том лиг болох DPC-д тоглодог "IHC Esports" багийн тоглогчид бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн:

  1. 423 - А.Билгүүн
  2. sanctity - О.Сүхбат 
  3. 11 - Б.Мөнх-Эрдэнэ
  4. Ace12 - Н.Батбаясгалан
  5. Se - Д.Төгстөр /Багийн ахлагч/
  6. Дасгалжуулагч - SparCo*

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна