Газын зурваст иргэд орогнож байсан эмнэлгийг бөмбөгдсөний улмаас 800 хүн амиа алдав

ALs
2023 оны 10-р сарын 18 -нд

Газын зурвас дахь Аль-Ахли Аль-Маадани эмнэлэгт болсон халдлагын улмаас 800 хүн амь үрэгдлээ гэж Al Arabiya телевиз мэдээллээ. Үүнээс өмнө Газын Эрүүл мэндийн яам 500 хүн амиа алдаж, шархадсан гэж мэдээлж байсан юм. Израилын армийн зүгээс явуулж буй халдлагаас зугтсан иргэд тус эмнэлэгт хоргодож байжээ.

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд байсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Аль-Ахли эмнэлэгт болсон халдлагатай холбогдуулан Палестин улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөхийг тушаажээ.  

Энгийн иргэдийн орогнож байсан эмнэлэг рүү хэн халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Израилыг дэмждэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгууд тэд дундаа Telegram сувгуудад дээрх халдлагыг Палестины Хамас бүлэглэл үйлдсэн гэж мэдээлжээ.

Харин Хамас бүлэглэлийн зүгээс Израилын тал халдлага үйлдсэн хэмээн мэдэгдэв. Үүний хариуд Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху няцааж, Аль-Ахли эмнэлэгт болсон халдлагыг "зэрлэг алан хядагчид" үйлдсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна