Путин түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа мэдэгдэв

ALs
2023 оны 10-р сарын 18 -нд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай энэ сарын 17-нд уулзжээ. Тэрээр хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төслүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов.

Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараанд ногдуулж буй татварыг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатарт болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар шийдэхээр Ерөнхийлөгч нар тохиров.

Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

“Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” сэдвийн дор болж буй чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын 4,000 гаруй төлөөлөгч оролцож байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна