БНХАУ-ын дарга “Бүс ба Зам” санаачилгын дараагийн арван жилийн бодлогыг танилцуулжээ

ALs
2023 оны 10-р сарын 19 -нд

Бээжинд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны 3 дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Хятадын дарга Ши Жиньпин энэ арга хэмжээг нээж хэлэхдээ, Хятад улсын энэхүү нүсэр том хөрөнгө оруулалтын санаачилга арван жил хэрэгжсэний дүнд гарсан ололт амжилтуудыг тэмдэглэж, дараагийн арван жилийн бодлогоо “илүү ногоон, бас илүү дижитал ирээдүйд” хандуулах зорилтыг тунхагласан байна. Мөн энэ дээд түвшний уулзалтын хүрээнд Хятадын дарга аравдугаар сарын 18-нд Оросын Ерөнхийлөгч Путиныг хүлээн авч уулзсан байна. Мөн “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг чанарын илүү өндөр түвшинд гаргах 8 том алхмыг нэрлэсэн байна. Энэ хүрээндээ Хятадын дарга Ши Жиньпин олон улсын компаниудад хятадын зах зээлийн нээлттэй байдлыг илүү өргөжүүлж тэлэх амлалтыг өгч байна. Бас хөгжиж байгаа бусад улс орнуудад зориулан 100 тэрбум ам.доллароос давсан өртөгтэй шинэ санхүүжилт олгохоо зарласан байна. Ши Жиньпин БНХАУ-ын дарга “Хятад улс “Бүс ба Зам” олон төрөл замын сүлжээг байгуулна. Хятад-Европыг холбосон хурдны төмөр замын өндөр чанартай хөгжлийг түргэтгэж, Каспийн тэнгисийг дамнасан олон улсын тээврийн коридорт оролцох болно. Мөн Хятад-Европын хурдны төмөр замын асуудлаар Хамтын ажиллагааны форум зохион байгуулна. Мөн Хятад улс бусад талтай хамтарч Евразийг дайрсан төмөр зам болон авто замын  шууд тээвэрлэлтээр холбогдсон логистикийн шинэ коридор байгуулах болно. Мөн “Усан тээврийн Торгоны зам”-ын хүрээнд боомт, ачаа тээвэр, худалдааны үйлчилгээнүүдийг нэгтгэж, Газар болон Далай тэнгисээр өрнөх олон улсын худалдааны коридор болон “Торгоны агаарын зам” байгуулах ажлыг түргэтгэнэ” хэмээн ярилаа. Дэлхийн 140 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны энэ удаагийн форумд оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх дээд уулзалтын хүрээнд Хятадын дарга олон орны төр засгийн тэргүүн нартай хоёр болон гурван талт уулзалтууд хийх юм. Энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар өнөөдөр уулзаж хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байгаагаа нотолсны дээр, Бээжин, Москва стратегийн үйл ажиллагаагаа уялдуулах ажил ойр нягт, үр өгөөжтэй хэвээр байгааг тэмдэглэж, хоёр талын худалдаа мөн 200 тэрбум ам.долларын түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг онцолжээ. Ши, Путин нарын хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлуудаас гадна Ойрх Дорнод болон Украины сэдвээр санал солилцсон талаар ТАСС мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна