Израилийн дайнтай холбоотойгоор MTV шагнал гардуулах ёслолыг цуцаллаа

ALs
2023 оны 10-р сарын 20 -нд

MTV Европын хөгжмийн ёслолын зохион байгуулагчид дэлхийн хэмжээнд өрнөөд буй тогтворгүй байдлаас шалтгаалан шагнал гардуулах үйл ажиллагааг цуцаллаа. Парамаунт Израиль-ХАМАС-ын дайны улмаас дэлхийн хөгжмийн ёслолыг 2024 он хүртэл хойшлуулж, энэ цаг үе бол баярлах биш "гашуудлын мөч" гэж мэдэгдэв.

Энэ нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжмийн уран бүтээлчид хамтдаа тэмдэглэдэг, олон нийт ч хүлээдэг, шимтэн үздэг ёслол юм. 2023 оны наадам Францад болохоор төлөвлөгдөж байсан билээ. Тэр дундаа Парисын Норд Вильпинте үзэсгэлэнгийн төвд арваннэгдүгээр сарын 5-нд болох байсан ч ирэх жил буюу 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ.

Зохион байгуулагч “Парамаунт” продакшн мэдэгдэлдээ "Дэлхийн үйл явдлуудын тогтворгүй байдлыг харгалзан дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг алдартнууд, олон мянган ажилтан, багийн гишүүд, уран бүтээлчдийн аюулгүй байдлыг бодолцож, 2023 оны MTV EMA-г зохион байгуулахгүй байхаар шийдлээ. Израиль, Газад болсон аймшигт үйл явдлууд үргэлжилсээр байхад дэлхий нийтийн баяр тэмдэглэх нь зохисгүй санагдаж байна. Мянга мянган хүний амь эрсдэж байхад энэ бол гашуудлын үе юм. Бид 2024 оны арваннэгдүгээр сард MTV EMA-г зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Францын Аррас хотод нэгэн сургуулийн багш бусдын гарт амиа алдсанаас хойш аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. 57 настай Доминик Бернардыг оршуулах ёслол пүрэв гарагт хойд нутгийн Аррас хотод болсон бөгөөд тэрээр Гамбетта-Карногийн сургуульд франц хэл заадаг байв. Уг хэрэгт Исламын хэт даврагчийг буруутган сэжигтнээр баривчлаад байгаа аж. Өнгөрсөн жил EMA-г Оскарын шагналт зохиолч, найруулагч Тайка Вайтити, дуучин Рита Ора нар хамтран хөтөлсөн. Ёслолын үеэр Америкийн дуучин, ая зохиогч Тэйлор Свифт "All Too Well"  дууны 10 минутын хувилбараараа шилдэг уран бүтээлч, шилдэг видео, шилдэг урт видеоны шагнал зэрэг дөрвөн шилдэг номинацид шилдгээр шалгарсан билээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна