НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг 100 мянга гаруй иргэн дэмжжээ

ALs
2023 оны 10-р сарын 23 -нд

НӨАТ-ын буцаан олголтын 5 хувь байх эсэхэд энэ сарын 17-ны 11:40 цагаас иргэдээс цахимаар санал хурааж эхэлсэн ба одоогоор 100,151 хүн зөвшөөрсөн санал өгөөд байна.

Бусад улсуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэх, далд эдийн засгийг бууруулах боломжтой юм байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргажээ.

Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 100,000 /уг дүнд хүрсэн/Санаачлагч: УИХ-ын дарга Г.Занданшатар

Сонирхуулахад манай улсын нэмэгдсэн өртгийн албан татвар энэ оны эхний есөн сарын байдлаар 563 (20%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Харин дээрх асуудалд Сангийн сайд эсрэг байр суурьтай байна. Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. Би Дэлийн банк, Олон улсын валютын сангийн хуралд суугаад өчигдөр ирлээ. Иртэл ийм асуудал болжээ. НӨАТ-ын буцаан олголт нь татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийдэхгүй. Төсөвт, татварын суурьд, эдийн засгийн харилцаанд оролцогчдод буюу иргэд, ААН-үүдэд  хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Бүх талаас нь судлах шаардлагатай.

Татварыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү? Эрүүгийн хэргийг ч мөн адил. Татвар төлөгчөөс энэ талаар асуухад юу гэж хариулах нь ойлгомжтой. Надаас бусад бүх хүн 5 хувь болгох санал өгнө шүү дээ. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн яамнаас санал авбал бид бэлэн. Манай улсын НӨАТ-ын тогтолцоо 25 жилийн түүхтэй" гэв.

НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг 50% болгон нэмэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Ийнхүү буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна