ЭМЯ: Хүүхдүүдийг тарихад ижил байдлаар хүчтэй хариу урвал үзүүлсэн асуудлыг шалгаж байна

ALs
2023 оны 11-р сарын 24 -нд

ЭХЭМҮТ-ийн Яармаг дахь салбарт 0-2 насны хүүхдүүдэд тариа хийхэд бөөлжих, таталт өгөх зэргээр ижил төрлийн хүчтэй хариу урвал үзүүлсэн. Тариа андуурсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдав.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Яамнаас ажлын хэсэг очиж ажиллаж байгаа, удахгүй мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч байна, хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан асуудал үүсээгүй.

Сувилагч шөнө 00:00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүх тариурт соруулж бэлдсэн. Ингээд хүүхдүүдэд тарихад хариу үйлдэл үзүүлсэн байна” гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09:11 цагт иргэнээс “Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн.

Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна