Уушгины хатгалгааны микоплазмын халдвар Монголд тархах эрсдэл “Дунд” түвшинд байна

ALs
2023 оны 11-р сарын 29 -нд

БНХАУ-д өргөн тархаад буй амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ мэдээлэл хийлээ Эрсдэлийн хоёр удаагийн үнэлгээгээр БНХАУ-д тархаад буй уушгины хатгалгааны микоплазмын халдвар Монгол Улсад тархах эрсдэл “дунд” гэсэн дүгнэлт гарсныг ХӨСҮТ мэдээллээ. “Дунд” эрсдэлтэй үед тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж байгааг онцлов. Микоплазмын шалтгаантай уушгины хатгалгааг Covid-19 цар тахлын үед хэрэглэж байсан PCR шинжилгээгээр оношилдог байна.

Ханиалгах, халуурах, зарим тохиолдолд хүүхдүүдэд чихний үрэвсэл болох байдлаар илэрдэг халдварт өвчнөөр 0-5 насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ онцоллоо.

Уушгины хатгалгаа болж байгаа халдварт өвчин нь вирусээр биш нянгаар үүсгэгдсэн микоплазмын халдвар гэж тодорхойлж байгаа аж. Энэ төрлийн нянгаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдварт өвчин Монгол Улсад өмнө нь гарч байсан ч түгээмэл биш байжээ. БНХАУ-ын хойд бүс нутгаар өргөн тархаад буй микоплазмын халдвар одоогоор Монгол Улсад бүртгэгдээгүйг ХӨСҮТ мэдээллээ. Харин улирлын томуу, томуу төст өвчний тархалт "Өндөр" буюу "Шар түвшин"-д байгаа аж. Ялангуяа риновирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хамрын ханиадны өвчлөл хүн амын дунд түгээмэл байгааг анхааруулж байна.

Харин хилээр зорчих асуудал нээлттэй, ямар нэгэн хориг тавих асуудлыг ХӨСҮТ тавихгүй гэдгээ тодотгов. Мөн БНХАУ болон бусад улс орон зорчих үедээ амьсгалын замын ямар нэг өвчлөлтэй, хатгалгаатай үедээ аль болох зорчихоос зайлсхийхийг зөвлөж байна.

Уушгины хатгалгаа нь шинэ вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин биш гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

У.Түвшинбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна