Дундговьд 100 ортой шинэ эмнэлэг нээлтээ хийлээ

ALs
2023 оны 12-р сарын 07 -нд

Дундговь аймагт улсын төсвийн 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон  100 ортой шинэ эмнэлгийн нээлтийн ёслол боллоо.

Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд зай талбай, өрөө тасалгаанаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байжээ. Шинэ барилга ашиглалтад орсноор энэ бүх хүндрэл арилж, орчин үеийн оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,  орон нутагтаа иргэн бүрэн оношлуулж, эмчлүүлэх боломж бүрдэж буй юм.

Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчинд ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв. Эмнэлгийн нээлтэд ирсэн иргэдэд хавдар, дотоод шүүрэл, өсвөр үеийн эрүүл мэнд, арьс, нүдний эмч нар үзлэг хийж,  зөвлөгөө өгөх,  цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, нүдний харааг шалгах үйлчилгээг үзүүлсэн байна.

Эмнэлгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзоригт болон эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэдийн  төлөөлөл оролцов.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна