Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм. Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ.
Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барин ажиллахаа мэдэгдэв.
Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийг баталснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтойг хэлсэн юм.
Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын махны холбоо, Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо, Тослог ургамал тариаланчдын нэгдсэн холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын сав баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сүүний нэгдсэн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна