Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтан авч байна.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.
2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм.
Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна