Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Эрхүү xотын Зам харилцааны их сургуулийн Ректор Трофимов Юрий Анатольевичыг хүлээн авч уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаа зам, тээврийн салбарт чухал байр суурийг эзэлдэг бөгөөд хамтын ажиллагаа одоо ч мөн идэвхтэй үргэлжилж байгаад талархал илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Шинэ эргэлтийн бодлого”-ын гол хурдасгуур зорилтын нэг бол зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд юм. Тэр утгаараа дэд бүтэц, зам тээврийн салбарт шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ажиллах боловсон хүчин нэн хэрэгцээтэй байгааг хэллээ.
Инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэх, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
ОХУ, тэр дундаа Эрхүүгийн техникийн их сургууль инженер техникийн болон эдийн засгийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх талаараа Оросын улсын сургуулиудын тэргүүн эгнээнд явдаг. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд зам тээврийн салбарт ажиллах инженер, техникийн ажилтныг тус сургуульд бэлтгэхтэй холбогдуулан ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.
Эрхүү xотын Зам харилцааны их сургуулийн Ректор Трофимов Юрий Анатольевич Эрхүү xотын Зам харилцааны их сургуул нь Дорнод Сибирь, Алс дорнодын нутаг дэвсгэртээ тэрүүлэгч ууган сургуулиудын нэг бөгөөд тус сургууль орчин үеийн шинэ хэрэгцээтэй чиглэлээр мэргэжлийн ангиудыг шинээр нээж байгаагийн зэрэгцээ хуучин бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлээрээ ч сурган хүмүүжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгосоор байгааг онцлон танилцууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцох инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэх, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
Эх сурвалж: Зам тээврийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна