Хохирогчийн хувийн мэдээллийг задруулахгүй байхыг анхааруулж байсан ч тэд алдаагаа давтлаа

ALs
2025 оны 2-р сарын 07 -нд

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өмнө нь холбогдох байгууллагуудад хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байх үүргийг өгч байсан билээ.

Тодруулбал, тэрбээр 2024 оны долоодугаар сарын 26-нд  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, бусад холбогдох газрын албан хаагчид болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амар нарын холбогдох албаны төлөөлөл оролцож байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өгсөн. Үүнд:

1. Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах, 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгч байв.

/Дээрх уулзалт 461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн долоодугаар сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэргээс улбаатай юм. Албан бус эх сурвалжаар тухайн иргэн эмчлүүлж байхдаа гартаа гавтай байсан, эрүүдэн шүүгдсэн байж болзошгүй гэх мэт хүний эрхийн зөрчлүүдтэй байв/

Гэтэл Цагдаагийн байгууллагынхан сайдын анхааруулгыг умартан алдаагаа дахин давтаж, угаартаж нас барсан хохирогчид болон гэр бүлээсээ ганцаар амьд үлдсэн иргэний талаарх хувийн мэдээллийг нийтэд ил болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна