Засгийн газрыг ч “залгиж” чадах утаагаа л шийд...

ALs
2025 оны 2-р сарын 07 -нд

-Нэгэнт нийслэлийн нөөц бололцооноос хэтэрч, Засгийн газрын хэмжээний асуудал болж Ерөнхий сайд өөрөө үндэсний хороогоо ахлах гэж байгаа бол нэг удирдлагатай, нэгдмэл бодлоготой явах шаардлагатай байна-

 

Засгийн газар унахдаа тулбал утаанаас л болохоор хэмжээнд асуудал хурцдаж байгааг бүгд харж байна. Зуух, түлшний хэмжээнд л шийдлийг ярьж, олон жил олон ч Засгийн газрууд аргацааж ирсэн уг гамшгийн суурь шалтгаан нь гэр хорооллыг хангах эрчим хүч, дулааны эх үүсвэр, дэд бүтэц гээд өнгө зүсээ хувиргасан өөр том асуудлууд гэдгийг Л.Оюун-Эрдэнийн танхим хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шийдвэрлэхэд хүч, хөрөнгө, хүний нөөц, мөнгө санхүүжилт гаргая гэдэг том зорилгоор зоригтой хөдлөх цаг нь болсон.

Нийслэлийн нэрээр нэлээн эртнээс босгож эхэлсэн бондын санхүүжилт, боловсруулж бэлтгэсэн барилгажуулалтын төсөл хөтөлбөр гээд өнгөрсөн сонгуулийн үеэс олон нийтэд ярьж сурталчилсан амлалтуудын араас гэр хорооллыг барилгажуулах үндэсний хэмжээний Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахлахаар болсон зэрэг алхмуудыг “бэлтгэл” гэж хэлж болох байх. Хамгийн сүүлд хоёр оны зааг дээр Засгийн газрын чиглэл, дэмжлэгийн хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг НИТХ-аар баталж, гүйцэтгэх захирлаар нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон.


Дэлхийн хотууд бүгд л агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, утаа, угаарын асуудалтай тулгардаг ч шалтгаан нь өөр өөр. Улаанбаатар үйлдвэржсэн хот биш. Ердөө л гэр хорооллын түлшний утаандаа дарлуулж байгаа гэхээр өрөвдөлтэй. Өнөөдөр ийм шалтгаанаар үндэсний гамшгийн хэмжээнд хүрч, засаг төрөө үүнээс болж огцруулахдаа тулж буй улс орон үгүй байх. Гадна талд хэн ч ойлгохгүй, туслахгүй.


Тэгэхээр хохирогчийн дүрд хэт удаан гомдоллосон нөхцөл байдалдаа цэг тавиад гэр хорооллыг барилгажуулах ажлаа яаралтай хийж хэрэгжүүлж үзүүлэх л засагт үлдэж байна. Нэгэнт нийслэлийн нөөц бололцооноос хэтэрч, Засгийн газрын хэмжээний асуудал болж Ерөнхий сайд өөрөө үндэсний хороогоо ахлах гэж байгаа бол нэг удирдлагатай, нэгдмэл бодлоготой явах шаардлагатай байна.

Зүгээр л гэр хорооллын нүүрсний утаагаа “ядуурлын утаа”, “авлигын утаа” гэхчлэн шалтгааныг нь улам бүр өөрсдөөсөө холдуулж, сүүлийн 30 жилд хэзээ ч шийдэгдэж байгаагүй ядуурал, авлигатай холбож, эдгээрийг л арилгачвал утаа замхрах юм шиг төөрөгдлөө больё. Бас дарга болгон нь жил бүр “шинэ хот” ярьдгийг ч больё тэгэх үү?!

Хамгийн сүүлд хотын ерөнхий архитекторч нь “Шаргаморьт хот байгуулна” гэж мэдэгдсэн байна лээ.

Засгийн газрын бүтэц дотор Барилга, хот байгуулалт хариуцсан яамтай, нийслэл нь дахиад Орон сууцны бодлогын газартай, нийслэлийн захиргаандаа энэ чиглэлийн нэгж бүтцүүдтэй, дахиад хажуугаар нь гадна гэр хорооллын барилгажилт, дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, орон сууцжуулалт гээд олон салаа асуудал бүр дээрээ бүтэц нэмсээр байтал учир начир, удирдлага шийдэл нь хөл толгойгүй болоод байгаа дүр зураг харагдана. Дахиад “Улаанбаатар орон сууцжуулалт” гээд орон нутгийн өмчит компани байгууллаа. Энэ харилцаанд эдийн засгийн арга хэрэгсэл, хөшүүрэг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол Г.Ганхүү даргатай “бодлогын газраа” болих, эсвэл “бодож байна” гээд урагшлах ажлыг уяж чөдөрлөдөг уураг тархийг нь солих хэрэгтэй биш үү?

Бодитой ажил нь урагш явахгүй болоод ирэхээр л бодлого хариуцсан байгууллага, даргын тоо нь урагшаа яваад эхэлдгийн жишээ шүү дээ. Бас болоогүй ээ, төсөв зарлага нь тэр тоолонд нэмэгдэж байгаа.

Аливаа ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй, хүн хэрэгтэй нь үнэн. Гэхдээ бүх цаг хугацаанд бүтэлгүйтсэн Улаанбаатарын утааг арилгах, угтаа бол гэр хорооллыг барилгажуулах ажлын углуурга нь дэд бүтэц. Шийдэл нь шийдэгдэхгүй, ажил нь ахихгүй, мөнгө нь босохгүй, үр дүн нь үзэгдэхгүй байгаа Улаанбаатарын утаа, түгжрэлийг арилгахад даргын тоо чухал биш гэдгийг өнгөрсөн хугацаанд бид харлаа.

Бүх зүйл дор хаяж хоёр талтай. Бүтэлгүйтсэн бүхэн бүхэлдээ муу биш. Тэр бүртээ туршилт болж, туршлага үлдээдэг.  Урт хугацаанд олон туршилтыг туулж, олон ч даргыг огцруулсан УТАА өөрөө газрын зураг, гарын авлагаа үлдээсэн байж таараа. Дахиад аргацаах хэрэггүй гэдэг даалгавартай том ажлыг хэрхэн нугалахаас цааш, цаашдаа нийслэлийн удирдлагуудын төдийгүй засгийн хувь заяа хамаарах нь нэгэнт тодорхой болсон зүйл.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна